Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайд С.Одонтуяа Хотын дарга Х.Нямбаатарт "Автотээврийн хэрэгслээс агаарт ялгарах бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай" албан даалгавар өгчээ. Тодруулбал, нийслэлийн нийтийн тээвэр болон төрийн албаны тээврийн хэрэгслүүдийн яндангаас ялгарах агаар бохирдуулах бодисыг бууруулах чиглэлээр дараах арга хэмжээ авч ажиллахыг даалгасан байна.
Үүнд:
- Нийтийн тээвэр болон төрийн албаны тээврийн хэрэгслүүдэд экологийн өндөр ангиллын К5 (Евро-5) стандартын шатахуун ашиглуулах талаар холбогдох шийдвэрийг гаргаж хэрэгжүүлэх;
- Тээврийн хэрэгслийн техникийн үзлэг хяналтаар агаар бохирдуулагч бодисын ялгарлын хэмжээ нь стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх гэж тусгажээ.
Энэхүү албан даалгаврын хэрэгжилтийг Улаанбаатар хотын хэмжээнд зохион байгуулж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан, биелэлтийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор ирүүлэхээр заасан байна.
Тус албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавихыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газар Б.Мөнхтогтохт, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллахыг Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газар Г.Энхмөнхт тус тус үүрэг болгожээ.
М.Жаргал
Сэтгэгдэл (2)