Хүлэрт намгийг хамгаалах төслийг эхлүүлж, хүлэрт намаг бүхий 20,000 га талбайг нөхөн сэргээх аргаар 594 мянган тн нүүрсхүчлийн хийн ялгарлыг багасгахыг зорьж байна.
Ийнхүү хэрэгжиж эхэлж буй "Монгол орны хүлэрт газрыг удирдах, бэлчээрийн экосистем, малчдын амьжиргааны дасан зохицох чадавхыг нэмэх" төсөл нь хүлэрт намгийн экосистемийн үйлчилгээг нэмэх, ялангуяа доройтсон хүлэрт намгаас ялгарах хүлэмжийн хийг багасгах, уламжлалт нүүдлийн мал аж ахуй, малчдын чадавхыг сайжруулах аргаар газрын доройтол, экосистемийн үйлчилгээг сайжруулах зорилготой юм. Төслийг Дэлхийн Байгаль Орчны Сан (GEF)-аас 2024-2027 онд санхүүжүүлж, БОУАЯ-ны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хамтын ажиллагааны төв, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP), Олон Улсын Цаатны Төв (ICR)-тэй хамтран хэрэгжүүлнэ.
Дэлхийн хөрсний нүүрстөрөгчийн 30 хувийг агуулдаг хүлэрт намгийн экосистем нь усыг зохицуулах, биологийн олон янз байдлын хамгаалах, нүүрстөрөгчийн хуримтлалд чухал ач холбогдолтойг БОУӨЯ мэдээллээ.
Монгол орны газар нутгийн 2 хувийг эзэлж буй хүлэрт намгархаг экосистем нь гол мөрнийг тэтгэж, хөрсний элэгдлээс сэргийлж, ойн болон тариалангийн усны эх үүсвэрийг хадгалж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгаль орчны тогтвортой байдлыг хангадаг байна. Гэвч малын тоо толгойн өсөлт, бэлчээр ашиглалт, уул уурхайн тогтвортой бус ашиглалт, хүний буруутай үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлтийн эрчим нэмэгдсэн нь Монгол орны хүлэрт намгийн экосистемийг доройтуулж, тэдгээрийн усны зохицуулалт, уур амьсгалын дасан зохицох чадварыг алдагдуулдаг аж. "Монгол орны хүлэрт намгийн стратеги төлөвлөлт" төслийг 2015-2017 онд хэрэгжүүлж, манай орны хүлэрт намгийн 50 хувт нь ямар нэг хэлбэрээр доройтсоныг тогтоожээ.