Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам-ын манай улсад хийсэн төрийн айлчлал 2024 оны есдүгээр сарын 30, аравдугаар сарын 1-ны өдөр үргэлжлэн амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү айлчлал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд боллоо. Ийнхүү уншигч та бүхэнд уг айлчлалын хүрээнд болж өнгөрсөн мэдээллийг хүргэе.
Нэг. Зудад нэрвэгдсэн малчдад 500 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэв
Ерөнхийлөгч То Лам Монгол орон даяар хаваржилт хүндэрч, зудтай хүнд жил болсонтой холбогдуулан зудад нэрвэгдсэн малчдад Вьетнам Улсын Засгийн газраас 500 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсныг мэдэгдэв.
Хоёр. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хөрсний судалгааг хамтран хийнэ
Төрийн тэргүүн нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулах чиглэлд нягт хамтран ажиллаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд монголын хөрсөнд тохирсон мод тарих судалгааг хийхэд хамтран ажиллахаар тогтов.
Гурав. Хо Чи Минийн нэрэмжит 14 дүгээр сургуульд 50 мянган ам.долларыг хандивлав
Энэ онд 75 жилийн ойгоо тэмдэглэж буй тус сургуульд Вьетнамын Ерөнхийлөгч То Лам зочиллоо. Тэрбээр Хо Чи Минийн нэрэмжит 14 дүгээр сургуулийн сурагчид сурлага, хөдөлмөрөөр манлайлж, улсын тэргүүний сургууль болон хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа онцлов. Энэ үеэр тэрбээр тус сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилд багшийн хөгжил, тоног төхөөрөмжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор БНСВУ-ын талаас 14 дүгээр сургуульд 50 мянган ам.доллар хандивлах тухай батламжийг Ерөнхийлөгч То Лам сургуулийн удирдлагад гардуулав.
Дөрөв. Вьетнам Улсаас далайн гаралтай бүтээгдэхүүн экспортлох боломж
Ерөнхийлөгч То Лам хоёр орон бие биеэ нөхсөн, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж бий гээд хоёр орны давуу тал бүхий бараа, бүтээгдэхүүнийг хоёр улсын зах зээлд харилцан нийлүүлэх, түүний дотор Вьетнам Улсаас далайн гаралтай бүтээгдэхүүн экспортлох, Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн импортлох боломжтойг илэрхийлсэн юм.
Тав. Олон улсын тээвэр, ложистикийн үр ашигтай сүлжээ бий болгоно
Автотээвэр, агаарын тээвэр, төмөр зам, далайн тээврийн салбарын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан дэмжлэг үзүүлэх, талуудын нутаг дэвсгэрээр дамжуулан ачаа тээвэрлэх таатай нөхцөл бүрдүүлэхэд чиглэсэн олон улсын тээвэр, ложистикийн үр ашигтай сүлжээ бий болгоно хэмээн талууд санамж бичигт гарын үсэг зурав.