Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Ламд бараалхлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байх хугацаанд Ерөнхийлөгч То Лам нь Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд байсан бөгөөд энэ үеэс эхлэн БНСВУ-тай хууль зүйн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, эрх зүйн шинэчлэл төдийгүй алба хаагчдын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр нягт хамтарч ажилласан тухай цохон тэмдэглэв.
Түүнчлэн Улаанбаатар хот, Ханой хот хооронд “Найрсаг, хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурж, төрийн алба хаагчдын солилцоо, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, байгаль орчныг хамгаалах болон эдийн засгийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх бодит боломжийг бүрдүүллээ. Цаашид хот хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэн, үргэлжлүүлэн ажиллахаа илэрхийллээ.
Ташрамд, Хотын дарга Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны есдүгээр сард Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий сайд Фан Минь Чиньд бараалхаж байв. Энэ үеэр төлөөлөгчдийн солилцоогоо тасралтгүй нэмэгдүүлж, аюулгүй байдал, хууль сахиулах салбарын хамтын ажиллагааг ахиулж, бүс нутаг болон дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг хамгаалах зэрэг нийтлэг ашиг сонирхолд нийцсэн асуудлаар өөрсдийн үүрэг оролцоог хөгжүүлэн эдийн засгийн хамтын ажиллагаагаа ахиулах талаар санал солилцож байсан юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл (1)