Засгийн газраас "Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл"-ийг УИХ-д өргөн мэдүүлээд буй. Энэхүү төсвийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх юм. Үүнтэй холбогдуулан ирэх оны төсвийн төслийг цувралаар танилцуулж байгаа билээ.
Боловсролын хүртээмжийг үр ашигтай байдлаар нэмэгдүүлнэ
Улсын хэмжээнд шинээр ашиглалтад орох 50 ерөнхий боловсролын сургуулийн нийтлэг үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлнэ. Нийт ажиллах хүчинд эзлэх төрийн албан хаагчдын тоог жил тутам тодорхой хувиар бууруулах зорилтын хүрээнд 2025 оны төсвийн жилд шинээр ашиглалтад орох ерөнхий боловсролын сургуулийн харуул хамгаалалт, цэвэрлэгээ, цахилгаан, сантехникийн үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлнэ.
Түүнчлэн, нэг аймгийг сонгож, одоо үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын сургуулийг мөн энэхүү жишгээр ажиллуулж улсын хэмжээнд загвар байдлаар туршина.
Энэ нь тухайн сургуулийн туслах үйлчилгээний ажилтнуудын хамтын зорилго, саналд үндэслэх бөгөөд өөрийн хүсэлтээр хувийн хэвшилд шилжин ажиллах албан хаагчдад 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг нэг удаа олгох, мөн цаашид тэдний цалинг одоо байгаа түвшнээс тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэхтэй холбоотой зардлыг тооцож төсвийн төсөлд тусгажээ.
Ингэснээр шинээр нэмэгдэх байсан төрийн үйлчилгээний 1,100 орон тоо, холбогдох урсгал зардлыг урт хугацаанд хэмнэх ба энэ хэмжээний санхүүжилтийг хувийн хэвшлийн байгууллагаар ажил гүйцэтгүүлсний төлбөрт зарцуулах боломжтой болно гэж үзсэн байна.
Хувийн хэвшлийн эзэмшиж байгаа шаардлага хангасан байрыг боловсролын сургалтын үйл ажиллагааны зориулалтаар түрээсэлнэ.
2024-2025 оны хичээлийн жилд улсын хэмжээнд шинээр элсэн суралцах 6 настай хүүхдийн тоонд үндэслэн хийсэн судалгаагаар нийт 34,906 суудал бүхий 50 ерөнхий боловсролын сургууль барьж байгуулах шаардлагатай бөгөөд үүний өртөг нь 627.2 тэрбум төгрөг болж байна. Хэрэв 3 жилд хуваан санхүүжүүлэх тохиолдолд нэг жилд 209.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр шаардлагатай байна.
Харин хувийн хэвшлийн эзэмшиж байгаа шаардлага хангасан байруудыг боловсролын сургалтын үйл ажиллагааны зориулалтаар түрээслэх тохиолдолд жилийн зардал 9 дахин бага буюу 23.6 тэрбум төгрөг болох бөгөөд энэ хувилбар нь сургуулийн хүртээмж, бүлэг дүүргэлтийн зохистой түвшнийг үр ашигтай байдлаар зохион байгуулах нэг хэлбэр гэж үзэн шаардлагатай зардлыг төсвийн төсөлд тусгалаа. Энэхүү арга хэмжээг сургуулийн төлөвлөлтийн газар зүйн байршлын системд үндэслэн, ил тод байдлаар хувийн хэвшлийн дунд сонгон шалгаруулах замаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Цэцэрлэг, сургууль, дотуур байрны хоолны зардлыг нэмэгдүүлнэ
Манай улсын хувьд хоол, хүнсээр хүүхдийн хоногт авбал зохих нийт илчлэгийн хэмжээнээс цэцэрлэгт хамрагдаж байх хугацаанд авбал зохих илчлэгийн хэмжээ ердийн буюу 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгийн хүүхдүүдийн хувьд 80% (980 ккал) байх ёстойгоос одоогийн норматив зардлаар авч буй илчлэгийн хувь, хэмжээ 58% (570 ккал)
байна. Сургууль болон дотуур байрны хоолноос хүүхдүүдийн авч буй илчлэгийн түвшин мөн адил нөхцөл байдалтай байна. Тиймээс хүүхдийн өдөрт авбал зохих илчлэг, шим тэжээлийн агууламжийн хэмжээнд хүргэхийн тулд цэцэрлэг, сургууль, дотуур байрны хоолны зардлыг 2025 оны төсвийн жилд нэмэгдүүлж, хоолны орцод сүүн бүтээгдэхүүн нэмж оруулах, түүнчлэн цэцэрлэгийн хүүхдийн болон сургуулийн дотуур байрны хоолны зардлын тодорхой хэсгийг эцэг, эхэд нь хариуцуулж, тэдний хяналт, оролцоог нэмэгдүүлэх замаар хоолны чанар, илчлэгийг сайжруулах зорилт тавьж буй.