УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр бүлгийн дарга О.Цогтгэрэл дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдлаа. Улсын болон орон нутгийн төсөв нийлээд нэгдсэн төсөв болдог. Төсвийг дагаж олон асуудал яригддаг. Тэр дунд онцгойлон ярих ёстой нэг асуудал байна. Орон нутгийн эрх мэдэл гэдэг зүйл жил, сараар хумигдсаар алга боллоо. Орон нутгийн үндсэн 26 агентлагийн 24-ийг нь нийслэлээс томилж байна. Бүх аймаг, сум улсаас татаас авч, татвар төлдөг ч Улаанбаатараас бүгдийг нь хуваарилдаг. Орон нутаг, аймаг, сум өөрийгөө засаглах чадваргүй гэж өнгөрсөн хугацаанд эрх баригчид үзэж, бодлого хэрэгжүүлж ирлээ. Өөрөөр хэлбэл, орон нутагт тэнэг хүмүүс амьдардаг, Улаанбаатарт ухаантай хүмүүс амьдардаг гэдэг байр суурьтай явж ирлээ. Энэ бүхний хор уршгаар эрх мэдлийг дагасан мөнгө, түгжрэл, стресс бухимдал үүсч байна.
Иймд Ардчилсан намын бүлгээс орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлж, бэхжүүлэх, эрх мэдэл шилжүүлэх үзэл санаа бүхий багц хуулийн төслийг намрын чуулганд өргөн барина. Бүлгийн 40 гишүүнээс 14 нь аймаг, сумын Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд долоо нь аймгийн Засаг даргаас УИХ-ын гишүүн болж сонгогдон ажиллаж байна" гэв.
Сэтгэгдэл (1)