Засгийн газраас "Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл"-ийг УИХ-д өргөн мэдүүлээд буй. Энэхүү төсвийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх юм. Үүнтэй холбогдуулан ирэх оны төсвийн төслийг цувралаар танилцуулж байгаа билээ.
ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГААР ДАМЖУУЛАН ҮНДЭСНИЙ ОРОН
СУУЦЖУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, хот хөдөөгийн сэргэлт, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд Үндэсний орон сууцны корпорацыг байгуулж иргэдийг орон сууцжуулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Жил бүр өсөн нэмэгдэж байгаа орон сууцны эрэлтийг хангах, орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2025 оны төсвийн жилд Хуримтлалын сангаас 562.1 тэрбум төгрөг, Монголбанкны эх үүсвэрээр 500 орчим тэрбум төгрөг, арилжааны банкны эх үүсвэрээр 300 орчим тэрбум төгрөг нийт 1.3 их наяд гаруй төгрөгийг зээлийн эх үүсвэрт гаргах бөгөөд үүний 50-иас доошгүй хувийг орон нутагт чиглүүлнэ.
Хот хөдөөгийн сэргэлт, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд орон нутгийн 3 хувийн ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох бөгөөд Улаанбаатар хотоос орон нутагт шилжин ажиллах төрийн албан хаагчдыг төрийн албанд ажилласан жилтэй нь уялдуулан хөнгөлөлттэй зээлд хамрагдах хугацааг нэмэгдүүлэх, орон сууцны урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах, хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжгүй орлого багатай өрхийг түрээсийн орон сууцаар хангах боломжийг бүрдүүлнэ.
Агаар, орчны бохирдлыг бууруулах, амьдрахад таатай орчныг бүрдүүлэх, орон сууцны хөнгөлөлттэй зээлийг бага, дунд орлоготой иргэдэд чиглүүлж, хүртээмжийн нэмэгдүүлэх зорилгоор 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлнэ. Түүнчлэн, хашаандаа эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц шинээр барьсан тохиолдолд 30 хүртэлх сая төгрөгийн санхүүжилтийн дэмжлэгийг олгохоор төлөвлөөд байна.
Түүнчлэн, Засгийн газраас хэрэгжүүлж буй ногоон хөгжлийн бодлогыг эрчимжүүлэх хүрээнд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой банк, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг байгальд ээлтэй хөгжлийг дэмжсэн хэлбэрээр зохион байгуулж, агаар, орчны бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй санхүүгийн бүтээгдэхүүний төрөл хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглүүлнэ. Энэ хүрээнд банкаар дамжуулан өрхийг эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцад хамрагдах боломжоор хангах, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, байгальд ээлтэй хэрэглээ, үйлдвэрлэл, тогтвортой хөгжлийг дэмжсэн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд чиглүүлнэ.
Иргэдийг орон сууцжуулах дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2025 оны улсын төсвийн төсөлд нийт 93.5 тэрбум төгрөгийг тусгасан бөгөөд 2025 онд орон нутагт 7,282 өрх, Улаанбаатар хотод 6,152 өрх нийт 13,434 орчим өрх орон сууц болон эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцад хамрагдах боломж бүрдэх юм.
Орлого багатай, ипотекийн зээлийн шалгуурыг хангаагүй өрхүүдийг орон сууцанд хамрагдах боломжийг бүрдүүлэх зорилгоор түрээсийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлнэ. Энэ хүрээнд орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх барилгын компаниудад орон нутгийн засаг захиргаанаас орон сууц барих газрыг шийдвэрлэж, газрын үнийн дүнд дүйцэхүйц орон сууцыг Үндэсний орон сууцны корпорацид эзэмшүүлж түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлнэ.
Түүнчлэн, жил бүр өсөн нэмэгдэж байгаа орон сууцны эрэлтийг хангах, орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2025 оны төсвийн жилд Хуримтлалын сангаас 562.1 тэрбум төгрөг, Монголбанкны эх үүсвэрээр 500 орчим тэрбум төгрөг, арилжааны банкны эх үүсвэрээр 300 орчим тэрбум төгрөг нийт 1.3 их наяд гаруй төгрөгийг зээлийн эх үүсвэрт гаргах бөгөөд үүний 50-иас доошгүй хувийг орон
нутагт чиглүүлнэ.
Сэтгэгдэл (1)