Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэнэ. Засгийн газраас 2025 оны нэгдсэн төсвийг УИХ-д өргөн мэдүүлээд буй энэ өдрүүдэд ирэх оны төсвийн төслийг цувралаар танилцуулж байна.
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлого болон “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан бүсүүдийн авто зам, эрчим хүч, дэд бүтцийн хөгжлийн бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлэхэд улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламжийн нийт 6.9 их наяд төгрөгийг төлөвлөсөн нь түүхэнд хамгийн өндөр хөрөнгө оруулалтыг дэмжих жил болж байна.
Үүний 24 хувь буюу 1.6 их наяд төгрөг нь зам тээврийн салбарт, 8 хувь буюу 0.6 их наяд төгрөг эрчим хүчний салбарт, 11 хувь буюу 0.7 их наяд төгрөг нь инженерийн дэд бүтцийн чиглэлээр, үлдсэн нь бусад салбарт хэрэгжихээр төлөвлөсөн байна.
ТУННЕЛ, ГАН ТАТУУРГАТ ГҮҮР...
Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын дотор хүргэх шинэ орчин нөхцөлийг бүрдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээг бодитой хэрэгжүүлэх мега төслүүд болох “Хөшигийн хөндийн туннел”, “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүрэн байгууламж зэрэг төслүүдийн санхүүжилтийг үе шаттайгаар шийдвэрлэж, хэрэгжүүлнэ гэж өргөн барьсан төсөвт дурджээ.
Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний цогцолборын барилга угсралтын ажилд 210.0 тэрбум төгрөг, АНУ-ын Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төслийн ус гүн цэвэршүүлэх байгууламж, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажилд 202.0 тэрбум төгрөгийг тусган санхүүжүүлэх аж.
Мөн хоногт 250,000 м3 ус цэвэрлэх хүчин чадалтай “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж”-ийн барилга угсралтын ажилд 80.0 тэрбум төгрөгийг 2025 онд тусгажээ.
Иймд “Хөшигийн хөндий-Шинэ Зуунмод хот”-ын дэд бүтэц, 500 мянган хүн амын төлөвлөлт бүхий “Шинэ Хархорум хот” төслийн судалгаа, ТЭЗҮ, зураг төсөлд шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэжээ.
Бүсүүдийн эдийн засгийн эргэлтийг дэмжихийн тулд аймгийн төвүүдийг хилийн боомттой, аймгийн төвүүдийг хооронд нь холбосон Бүсчилсэн хөгжлийн “ТАВАН ТОЙРОГ” авто замын их бүтээн байгуулалтыг өрнүүлнэ.
Ирэх 2025 онд нийт 2,120.9 км авто замыг шинээр барихаар төлөвлөсөн бөгөөд үүнд аймгийг аймагтай холбох 1079.7 км, аймгуудыг боомттой холбох 708.6 км, аялал, жуулчлалын 332.6 км авто зам барихаар төлөвлөсөн байна.
Энэ мэтчилэн томоохон бүтээн байгуулалтад тулгуурласан төсвийн төслийн УИХ-д өргөн мэдүүлж, намрын чуулганаар хэлэлцэхээр хүлээж байна.