Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы БНХАУ-д хийж буй албан айлчлал 2024 оны есдүгээр сарын 25-нд "Дэлхийн тогтвортой тээврийн форум" арга хэмжээгээр үргэлжилж байна.
БНХАУ-ын Тээврийн яамнаас "Дэлхийн тогтвортой тээврийн форум-2024" арга хэмжээг Бээжин хотноо 2024 оны 09 сарын 25, 26-ны өдрүүдэд хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.
Форумд дэлхийн 30 орчим улс орны тээврийн сайд, олон улсын байгууллагын төлөөлөгчид, БНХАУ-д суугаа гадаадын дипломат төлөөлөгчид, бизнес эрхлэгчид, тээврийн салбарынхан оролцож байна.
Дэлхийн олон орны зам тээврийн салбарынхан чуулсан тус форум энэ жил "Тогтвортой тээвэр: Дэлхийг холбогч логистик" сэдвийн дор өрнөж байгаа бөгөөд үндсэн хуралдаан дэлхий нийтийн тээврийн системд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, оролцогч талуудын тээврийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байлаа.
Тодруулбал, тус форумын зорилго нь НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад чиглэж байгаа бөгөөд дэд бүтэц, тээвэр логистикийн асуудал нь улс орны хөгжил, эдийн засгийг дэмжээд зогсохгүй хүний сайн сайхан аж байдлыг дэмжих томоохон хөшүүрэг гэдгийг олон улсын хуралд оролцогч улс орнуудын төлөөлөл онцолж байлаа.
ТХЗ-уудыг тодотговол, нийгэм, эдийн засаг, байгаль орчны харилцан тэнцвэртэй байдлыг хангахад чиглэсэн хоорондоо нягт холбоотой 17 зорилгуудаас бүрддэг бөгөөд энэ нь нэг салбар дахь үйл ажиллагаа нь бусад салбаруудад шууд нөлөөлдөг гэсэн утга агуулгыг илэрхийлж байдаг.
Тэр утгаараа улс орнууд буурай хөгжилтэй орнуудын хөгжил дэвшлийг хурдасгах чиглэлд чухалчлан анхаарч, хамтарч нэгдэж ажиллах хэрэгтэйг форумын оролцогчид онцолж байсан юм. Ялангуяа, дэлхий нийтийн хүн амын талаас илүү хувь нь хот суурин газарт амьдарч байгаа энэ үед хөгжиж буй улс орнуудад ядуурлыг арилгах, эх дэлхийгээ хамгаалах, хүн бүр хөгжил цэцэглэлтийг үр шимийг жигд хүртэх боломж нь чанартай, найдвартай, тогтвортой, уян хатан дэд бүтэц, түүний бүсийн болон хил дамнасан дэд бүтцийг хөгжүүлэхээс ихээхэн хамаарна гэдгийг форумд оролцогч улс орнуудын тэргүүн, тээврийн салбарын сайд нар тавьсан илтгэлдээ дурдаж байна.
"Дэлхийн тогтвортой тээврийн форум-2024" арга хэмжээнд оролцогчид дэлхийн тээврийн хамтын ажиллагааны хүрээнд улс орнуудын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хөгжүүлэх, Бээжингийн санаачлагад нэгдэж хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх, далайд гарцгүй хөгжиж буй улс орнууд, жижиг арлын хөгжиж буй орнуудад тусламж дэмжлэг үзүүлэх санхүү, технологи, техникийн туслалцаа дэмжлэгийг нэмэгдүүлэх замаар, хамтын хүчээр дэлхий нийтийг холбосон, дэд бүтцийг хөгжүүлсэн тогтвортой, уян хатан дэд бүтцийг хөгжүүлэхэд туслах, хамтран ажиллахыг уриалж байна.