Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас цахим эдийн засгийг хөгжүүлэх түүн дотроо төрд байгаа их өгөгдлийг нээлттэй болгож эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого баримталж байна.
Засгийн газрын хуралдаанаар ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү төрийн 691 нээлттэй өгөгдлийг нийтэд ил болгох жагсаалтыг танилцуулж, шинэчлэн батлууллаа. Нээлттэй өгөгдөл гэдэг нь хэн ч чөлөөтэй хандах, ашиглах, түгээх боломжтой мэдээлэл юм. Төрд буй өгөгдлийг ил тод болгож, олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй байршуулснаар иргэн, хуулийн этгээд, эрдэмтэн судлаачид чөлөөтэй ашиглан судалгаа, шинжилгээ хийх, бизнесээ хөгжүүлэх их өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Ингэснээр төрийн үйл ажиллагаанд иргэд, хувийн хэвшлийн оролцоо, хяналт нэмэгдэх, төрийн шийдвэр ил тод, нээлттэй болох нөхцөл бүрдэж байна.
Түүнчлэн, төрд байгаа их өгөгдлийг нээлттэй болгож, эдийн засгийн эргэлтэд оруулснаар төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, төрийн зарим үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, хиймэл оюун ухаан, блокчейн зэрэг өндөр технологийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг ЦХИХХЯ мэдээлжээ.