Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ энэ сарын 24-нд Испанийн Хаант Улсын Ерөнхий сайд Педро Санчезыг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын “гуравдагч хөрш” Европын Холбооны гишүүн, Испанийн Хаант Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх хөгжүүлэх эрмэлзлээ илэрхийлэв. Хоёр талын харилцааг эдийн засаг, худалдааны бодит агуулгаар баяжуулах, дээд түвшний айлчлал хэрэгжүүлэх замаар хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломжийн талаар талууд санал солилцов.
Ерөнхий сайд Педро Санчез Испанийн Хаант Улс, Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л түвшинд өргөжүүлэн хөгжүүлэх, яриа хэлэлцээг эрчимжүүлэх, дээд, өндөр түвшний айлчлалыг хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Испанийн Хаант Улс нь Европын Холбооны гишүүн орны хувиар Европын Холбоо, Монгол Улсын харилцааг идэвхжүүлэхэд хувь нэмрээ оруулах, Европын Холбооны гишүүн орнуудтай Монгол Улсыг холбох гүүр болон ажиллахад бэлэн байгааг тэмдэглэв.
Сэтгэгдэл (1)