Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан орон нутгийн томилолтоо баруун таван аймгаас эхлүүллээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тэрбээр Баян-Өлгий, Ховд, Увс аймагт ажилласан бол өнөөдөр Завхан аймгийг зорьжээ.
Монголын анхны 126 гишүүнтэй парламент шинэ стратегиа боловсруулж, хууль эрх зүйн “Гурван төгөлдөршил” буюу “хүн төвтэй”, иргэдийн хэрэгцээ, орчин үеийн шаардлагад нийцсэн, шаардлагатай тохиолдолд цаг алдалгүй нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэх боломжтой эрх зүйн орчинг бий болгоход анхаарч ажиллах болсон тухай орон нутгийн иргэдэд танилцуулж явна.
Манай улсын нутаг дэвсгэр дээр нийт 880 хууль хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа ч түүнээс гурав дахин их журам үйлчилдэг нь нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг ямар нэгэн төрийн байгууллага, албан тушаалтан өөрийн үзэмжээр журамлаж, хүний эрхийг зөрчихөд хүргэдэг байдлыг таслан зогсооно хэмээн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уулзалт бүртээ онцлон тэмдэглэж байна. Ажлын хэсгээс урьдчилсан байдлаар 300 гаруй хуульд дүн шинжилгээ хийхэд хүний эрхийн зөрчилтэй 800 орчим зүйл, заалт илэрсэн тул шинэчлэн боловсруулахаар ажиллаж эхэлсэн.
Иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, эвлэлдэн нэгдэх эрхтэй холбоотой, дампуурлын тухай зэрэг хууль нь орчин цагийн хэрэгцээнд нийцэхээ больсон жишээг тэрбээр дурдаж, УИХ-аас 54 ажлын хэсгийг байгуулан, энэ намрын ээлжит чуулганаар 18 ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцүүлнэ гэжээ. Нутгийн иргэдийн зүгээс парламентын бодлогыг дэмжихээ илэрхийлэхийн зэрэгцээ тулгамдаж буй асуудлыг хөндсөн байна.
Бүсчилсэн хөгжлийн бодлогыг дэмжсэнээр баруун чиглэлд 4700 км автозам барих, хилийн боомтуудыг сэргээн хөгжүүлэх, нэг тойргоос сонгогдсон гишүүд хамтран ажиллана гэдгээ УИХ-ын дарга илэрхийлсэн. Түүнчлэн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2024 оны 09-р сарын 22-ны өдөр Увс аймгийн Улаангом хотноо Монголын төр, нийгмийн зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөжээ.