Нийслэлд зам засварын ажил ид өрнөж байгаатай холбогдуулан хотын дарга Х.Нямбаатар тайлбар өгчээ.
Тэрбээр "Улаанбаатар хот жилд дунджаар 16 километр замыг засаж шинэчилдэг байсан бол энэ жил 162 километр замыг нэг дор шинэчлэхээр төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа юм.
Энэ жил бонд гаргаж хотын замыг бүхэлд нь шинэчилж автомашины зорчилтын эрчмийг нэмэгдүүлэх, иргэдийн машиныг эвдрэлээс урьдчилан сэргийлэх агуулгаар төлөвлөсөн.
Ирэх оны эхний хагас гэхэд Улаанбаатар хотод нэг ч ширхэг хагархай, эвдэрхий зам байхгүй болно. Өдөр алдаж шөнө гэдэг шиг зам засварыг ажлыг 8, 9 дүгээр сард эхлүүлээд байгааг иргэд шүүмжилж байна. Гол шалтгаан нь зургаан сард бонд гаргаж, зураг төслөө батлуулан тендер зарлахад хамгийн эхний тендер долдугаар сарын 28-нд шалгарсан. Үүнээс хойш тендерийн шалгаруулалт үргэлжилж байна.
Бид ямартай ч технологийн горим алдахгүй, хөрсөн дээр 0 хэмээс доош орохоос өмнө амжиж замуудаа засна. Удахгүй Баянбүрдээс 32-ын тойрог хүртэлх замыг нээнэ. Өдөр болгон замуудыг нээж байгаа. Яармагийн замыг ойрын хугацаанд хэсэгчлэн хаана. Бид өнгөрсөн хавар иргэдээс маш их шүүмжлэл хүлээсэн. Цас хайлаад, цас ханзарсны дараа, халтиргаа гулгаа арилсны дараа бүх зам хагарсан, эвдэрсэн байсан.
Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд нийслэлд зам засварын дорвитой ажил хийгдээгүй байсан. Үүнээс болж одоо зам засвартай холбоотой түгжрэл нэмэгдэж байна. Бид 11 дүгээр сарын 1-н хүртэл засахаар төлөвлөсөн замуудын 70 орчим хувийг гүйцэтгэнэ. Тиймээс иргэд нөхцөл байдлыг ойлгож хүлээцтэй хандаасай гэж хичээнгүйлэн хүсэж байна. Ирэх жил хийх ажлуудын тендерийг өвлийг улиралд зарлана.
Сэлбэ, Сэлх, Гахайн байр, Доржийн гудамж, Офицеруудын ордон өгсөх зам, Нарны зам, Энхтайвны, Чингисийн өргөн чөлөө, Наадамчдын гудамж, Нэгдүгээр хорооллын арын зам, Таван шарын уулзвараас Баянхошуу хүртэлх зам, Найрамдал зуслан, Чингэлтэй, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн бүх замыг ирэх оны зургаадугаар сарын 1-н гэхэд 1-р түвшний замуудыг шинэчилсэн байна.
Зам эвдрэлгүй байвал иргэдийн машины амортизатор болон бусад эд ангиудад ээлтэй байх тооцоо судалгаа гарсан. Өмнө нь нийслэлийн замыг засах мөнгө байгаагүй. Байгаагүй учраас бонд гаргаж замын сангийн хөрөнгөөр 4-5 жилд хийгдэх ёстой ажлыг нэг жилийн дотор хийж дуусгахзорилт тавьж, нээлттэй тендер зарлаад байна.
Энхтайваны өргөн чөлөөнд дахиж бордюр солихгүй. 32-ын тойрогт мөн адил. Бусад эвдрэл, гэмтэлтэй газар зоолдож, бордюрыг солиод гүйцэтгэлээр нь санхүүжилтийг гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
2025 онд Улаанбаатар хот тойрог хурдны замынхаа бүтээн байгуулалтын тендерийг зарлаж ажлуудыг эхлүүлнэ. Үүний өмнө 1-р түвшнийхээ замуудын шинэчлэлтийг хийе, дараа нь 2-р түвшний зам буюу Туулын хурдны зам болон тойрог хурдны замын бүтээн байгуулалтын ажлын тендерийг олон улсын Зөвлөх инженерүүдийн холбооны үлгэрчилсэн дүрмийн дагуу зарлахаар төлөвлөж байна.
Зам засварын ажлуудад хүлээцтэй, тэвчээртэй байгаарай. Энэ жил тендерт тусгагдаагүй нэг ажил байгаа нь Гачууртын зам. Нүхтийн ажил удахгүй дуусна. Бид хамтдаа зам засварыг хүлээцтэй, тэвчээртэй хийж байж түгжрэлийг бага ч болтугай гэтэлнэ.
Ташрамд, Google map AI технологио үнэ төлбөргүй ашиглуулах гэж буйг дуулгая. Хамтдаа түжрэлгүй Улаанбаатар хотыг бүтээцгээе" гэв.
Сэтгэгдэл (3)