Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдэл хийхдээ "Үүр шөнийн заагаар З.Энхболд чулуун бордюрыг хага цохиж байгаад зураг авчихаад явж байгаа гэсэн мэдээллийг би авсан" зэрэг асуудлыг олон нийтийн сүлжээнд шууд дамжуулалт хийж, ярьсан. Тэгвэл УИХ-ын дарга, гишүүн асан З.Энхболд НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг нэр төрд халдаж гүтгэсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгуулах хүсэлт гаргаж, мэдээлэл өглөө.
Тэрбээр "Х.Нямбаатарын яриад байгаа цаг үед би Өвөрхангайд мод, зүлэг тариад явж байсан. Өвөрхангайгаас Улаанбаатар руу сунадаг алх байдаггүй л юм бол тэр бордюрыг хагалах ямар ч боломжгүй шүү дээ. Намайг бордюр хагалсан гэж гүтгэлээ, гадаадын туршуул гэж гүтгэлээ. Өөрийнх нь үгээр эрүүгийн хуулийн 13.14 дугаар зүйлийн дагуу шалгаж өгнө үү гэж Хан-Уул дүүргийн хоёрдугаар хэлтэст хандаж байна.
Гадаадын аль улсын туршуул гэж хэлж байгааг би ойлгоогүй. Эрдэнэс Тавантолгойг хулгайлах гээд байсан Монгол, Хятадын хамтарсан бүлэглэл байгаа. Х.Нямбаатар тэдний нэг болчхоод гомдоод байх шиг байна. Эрдэнэс Тавантолгойг хятадын компанид өгөлгүй монголын ард түмэнд үлдээснийхээ төлөө шийтгүүлэхэд бэлэн байна. Тиймээс Х.Нямбаатар ирж тайлбар өгөх хэрэгтэй.
Би есдүгээр сарын 11-ний өглөө Өвөрхангай аймгийн Уянга сумаас лайв хийж энд явж байна, юу яриад байгаа юм бэ чи, уучлалт гуй гэсэн. Одоо хүртэл Х.Нямбаатар уучлалт гуйгаагүй. Түүнээс хойш зургаан хоног өнгөрлөө. Одоо болсон гэж үзэж байна. Тиймээс өнөөдрөөс эхэлж, энд ирж намайг туршуул, бордюр хагалсан гэдгийг батлах ёстой. Чадахгүй бол ял авна шүү дээ.
Сүүлийн 8 жил. Бараг л 103 жил. Наранцацралт агсан, Э.Бат-Үүл хоёрыг эс тооцвол хэдэн зуун засаг дарга МАН-аас сонгогдож байсан. Гэтэл одоо энэ хотоо хар л даа. Төлөвлөгөөний дагуу бол 8 жил засах ёстой зам. Сонгуулиас нэг хоёр сарын өмнө зам засаж байгаа дүр үзүүлээд л. Авсан бордюрыг нь хар. Би татвар төлөгчийн хувьд байнга шүүмжилж байгаа. Үүний төлөө намайг бордюр хагласан гэж гүтгэж байгаа нь төрийн өндөр албан тушаалтны хувьд хувьд ёс зүйгүй үйлдэл.
Урьд нь иргэд дарга нарыг шүүмжлээд цагдаагийн хаалга татдаг байсан. Одоо анх удаа том дарга нь иргэнээ гүтгэж цагдаагийн хаалга татаж байна. Бараг л сайдын ранктай хүн шүү дээ. Хэлсэн үгийнхээ хариуцлагыг хүлээх хэрэгтэй.
Алхаар цохиход бутарч байгаа замын хашлага бол хуурамч шүү дээ. Хүмүүс үйлдвэрийн нэр, хэдээр авч болох вэ гэдгийг цахим хаягтаа тавьчихсан байна лээ. Байгалийн боржин чулуу бол 120 мянган төгрөгийн үнэтэй байж болно. Гэхдээ Х.Нямбаатарын өөрийгөө хамгаалаад байгаа нийлүүлсэн бордюр нь 120 мянган төгрөг хүрэхээргүй л юм билээ шүү дээ. Үүнийг шалгах ёстой, гэхдээ шалгах нь миний үүрэг биш. Х.Нямбаатар өөрөө л тайлбарлана. Би иргэний хувьд нүхгүй замаар явмаар байна. Бордюр нь боржин байх эсэх нь надад хамаагүй. Бордюртай байсан байгаагүй хоёрт ялгаа байхгүй. Гол нь зам бүтэн байх ёстой.
Улаанбаатар хотын дарга нар сүүлийн найман жил хийгээгүй ажлаа гэнэт ухаан орсон юм шиг сонгуулиас хоёр сарын өмнө хийж болохгүй шүү дээ. Зун хүмүүс хөдөө явчихсан хойгуур хийж болох байлаа, хийгээгүй. Сүүлийн найман жил юу л байна, мөнгө л байна шүү дээ. Ингэж сонгууль угтаж юм хийдгээ боль. Замаа олигтойхон засчихгүй хэл ам хийгээд яваад байгаа нөхөр.
Үндсэн хуульд Х.Нямбаатар том дарга байна уу, З.Энхболд энгийн иргэн байна уу ялгаагүй ижил эрх үүрэгтэй. Хариуцлагатай байх ёстой. Энэ бол Х.Нямбаатарын хувийн мөнгө биш. Татвар төлөгчдийн мөнгөөр Нийслэлийн засаг дарга нүхгүй замаар явуулах гэх мэт үүрэг хүлээж байгаа. Энэ үүргээ биелүүлэхийн оронд надтай заргалдаад байгааг ойлгохгүй байна. Би бордюр хагалаагүй ээ" гэв.
Сэтгэгдэл (9)