Өчигдөр Боловсролын сайд П.Наранбаатар руу шийдвэрийг нь эсэргүүцсэн А.Отгонбаатар халааснаасаа "чанасан өндөг" гаргаж ирээд чулуудаж орхисон. Болчимгүй бүдүүлэг авирласан А.Отгонбаатарын өөдөөс сайд биш сайдын хэвлэлийн төлөөлөгч Т.Отгонбаатар тэрслэн босож, гал маналзуулан нударга зөрүүлж, үсэрч цовхчиж байсныг цөмөөр харсан билээ. Манай монголчууд хүний хэрэгт оролцохыг угаас цээрлэдэг шахуу. Хэвлэлийн төлөөлөгч нь бие хамгаалагч шиг авирлаж, даргынхаа төлөө "биеэ эвдэх" дөхөж буйг харахад "Боловсролтой хулигаан" бололтой.
Одоо тэр НИТХ-д Баянзүрхээс горилж яваа. Түүний танилцуулга дахь зургийг иргэд харвал нүдний шилж зүүж, хослол өмссөн, ёс суртахуунтай, төлөв даруу байрын нэр дэвшигч шиг санахаар байв. Гэвч зодоончтой нийлээд зодоонч болж, ёс зүйгүй хүнтэй нийлээд ёс зүйгүй болж, хэний ч мэдэхгүй нэрэн дээрээ хэний ч мартахгүй "хар толбо" асгаад улс төрд хүч үзэж байна. Энэ бол хүний араншин байж болох ч ХҮН намын цаад дүрийн илрэл ч байж мэдэх л юм.
Үнэндээ төрийн төлөө оготно биш "Отгонбаатарууд" боож үхдэг болсон цаг. Уг нь босуул ч биш, тавиул ч биш, оготно л боож үхэх ёстой шиг. Тэргүүн Шадар сайд Т.Доржханд өөрийн намыг боловсон хүчин ихтэй, нийслэлийг бараг л ХҮН удирдах хэмжээнийх гэж магтан гайхуулсан нь саяхан. Гэтэл үүний ар дээр НИТХ-д Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж буй Т.Отгонбаатар гэгч нударга зөрүүлэн шуугиулснаар уг нь "талаар" болох учиртай.
Тэрбээр улс төрийн манлайлагч бэлтгэх зорилгоор залуучуудад зориулан "Хүн академи" сургалтыг намынхаа гишүүдтэй хамтран зохион байгуулдаг юм билээ. Ийм байдлаар яг улс төрд манлайллаа юу? Нударга зөрүүлж манлайлах нь.
Даргын өмнөөс өвдөж, даргын өмнөөс бухимдаж, даргын өмнөөс үхэж мэдэх тийм улстөрчдийг бэлдэнэ гэж үү?
ХҮН намын нарийн бичгийн дарга, нам байсан дөрвөн жилдээ тэр лавтай төлөвшиж чадаагүй байна. Боловсролын сайд П.Наранбаярыг сайдын бие төлөөлөгчөөр төрийн ажилд оролцож яваа нэгэн ажлаа андуурч бие хамгаалагч болсон түүх ийм байна.
Намын дарга Т.Доржханд нь ч УИХ-д гарангуутаа хамтарсан Засгийн газарт нэгдэж иргэдийг үл тоосон. Түүнийг харвал ХҮН намд итгэж боломжгүй мэт.
Анхны дүр төрхөө барууны боловсролоор бүрдүүлсэн ХҮН-ий баг хууларч байна даа. Залуучууд энэ намд итгэдэг байсан нь худлаа биш. Харин одоо бол Т.Отгонбаатар зэргийнх нь үйлдлээс харвал энэ намаас "айж явсан нь дээр" бололтой. Даргынхаа аавын нутагт л элгэмсүү ханддаг тэрбээр биеэ барих чадваргүй болтлоо "Нударганы хүн" хийж явна уу гэлтэй. Т.Отгонбаатар НИТХ-д нэр дэвшээд Баянзүрхийн иргэдийг төлөөлж чадах юм уу? Даргаа л төлөөлөх юм биш үү...
М.Жаргал
Сэтгэгдэл (8)