Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэнэ. Засгийн газраас 2025 оны нэгдсэн төсвийг УИХ-д өргөн мэдүүлээд буй энэ өдрүүдэд ирэх оны төсвийн төслийг цувралаар танилцуулж байна.
Төрийн албан хаагчийн цалин хөлсийг инфляцтай уялдуулан 6.0 хувиар нэмэгдүүлнэ
Монгол Улсын Засгийн газраас нийт төрийн албан хаагчдын цалинг 2023 оны 7 дугаар сарын 1-ээс дунджаар 40.0 хувиар, 2024 оны 4 дүгээр сарын 1-ээс төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 20.0 хувиар, бусад төрийн албан хаагчдын цалинг 10.0 хувиар тус тус нэмэгдүүлсэн. Мөн төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд орон нутгийн төрийн захиргаа, төрийн үйлчилгээ болон улс төрийн албан тушаалын албан хаагч сум(тосгон)-д ажиллаж байгаа бол 40 хувиар, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай,
Налайх дүүрэгт ажиллаж байгаа бол 20 хувиар үндсэн цалингаас тус тус тооцож 2024 оны 4 дүгээр сарын 1-ээс олгож байна.
Эдгээр арга хэмжээний үр дүнд төрийн захиргааны болон төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээ 1.1 сая төгрөг (суманд 1,540.0 мянган төгрөг, аймгийн төвийн сум болон алслагдсан гурван дүүрэгт 1,320.0 мянган төгрөг), төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалингийн доод хэмжээ 900.0 мянган төгрөг (суманд 1,260.0 мянган төгрөг, аймгийн төвийн сум болон алслагдсан гурван дүүрэгт 1,080.0 мянган төгрөг) болж нэмэгдсэн байна.
Ирэх 2025 онд 226.2 мянган төрийн албан хаагчдын цалин хөлсийг инфляцын
түвшинтэй уялдуулан 6.0 хувиар нэмэгдүүлэхээр тооцлоо. Ингэснээр төрийн захиргааны болон төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээ 1,166.0 мянган төгрөг (суманд 1,632.4 мянган төгрөг, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт 1,399.2 мянган төгрөг), төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчийн цалингийн доод хэмжээ 954.0 мянган төгрөг (суманд 1,335.6 мянган төгрөг, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт 1,144.8 мянган төгрөг) болж нэмэгдэхээр байна.
Ахмадуудын тэтвэрийн дундаж хэмжээ 875.8 мянган төгрөг болж нэмэгдэнэ
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тогтооход баримтлах итгэлцүүрийг 2023 онд шинэчилснээр тэтгэврийн зөрүүг бууруулж 164.6 мянган ахмадын орлогыг нэмэгдүүлсэн байна. Түүнчлэн, тэтгэврийн зөрүүг бууруулсан сууриас тооцож нийт
496.3 мянган иргэний тэтгэврийг 2023 оны 7 дугаар сараас 10 хувь, 2024 оны 4 дүгээр сараас 100.0 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлээд байна. Тэтгэвэр нэмэгдүүлсэн эдгээр
арга хэмжээнүүдийн үр дүнд 2024 оны 4 дүгээр сараас өндөр насны тэтгэврийн дундаж
хэмжээ 826.2 мянган төгрөгт хүрч нэмэгдээд байна.
Улсын Их Хурлаас 2023 онд Нийгмийн даатгалын багц хуулийг шинэчлэн баталсан. Эдгээр хуульд тэтгэврийг жил бүр инфляцаар индексжүүлэх, малчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсын төсвөөс хариуцах, тэтгэвэр тогтооход баримтлах итгэлцүүрийг жил бүр шинэчлэхээр тус тус заасан тул тэтгэвэр авагч 510.0 мянган иргэний тэтгэврийг инфляцтай уялдуулан 6.0 хувиар нэмэгдүүлэх, итгэлцүүр шинэчлэх болон малчны тэтгэврийн шимтгэлийн 50 хувийг төр хариуцах зардлыг тус тус тооцож 2025 оны төсөвт тусгажээ.
Өндөр насны тэтгэврийг ирэх онд инфляцтай уялдуулан нэмэгдүүлснээр дундаж хэмжээ 875.8 мянган төгрөг болж нэмэгдэнэ.
Түүнчлэн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй халамжийн тэтгэвэр авагч иргэдийн тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан 6.0 хувиар нэмэгдүүлэхэд шаардагдах зардлыг мөн тусгажээ.
Сэтгэгдэл (1)