Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа.
"Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр" УИХ-аар батлагдсан учир хэрэгжиж эхэлж байна. Дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх "нэг жилийн хөтөлбөр"-ийг удахгүй Засгийн газарт танилцуулна. Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд энэ ондоо багтааж хийгдэх, эхлүүлэх шаардлагатай албан даалгаврыг Ерөнхий сайдын зүгээс сайд нарт онцолж өглөө. Үүний хүрээнд 14 мега төслүүдийг багтаасан, мөн нийгэмд хүлээлт үүсгээд буй томоохон реформын шинжтэй зохицуулалтыг эхлүүлнэ. 14 төсөл, 14 реформыг хэрэгжүүлэх чиглэлээр албан даалгаврыг гаргасан. Түүнчлэн 14 мега төслүүдийг эрэмбэлж байна. Ганц мод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын ажил, хоёр цахилгаан станцын ажил зэрэг төслүүдийг эрэмбэлээд шат дараатайгаар УИХ-д өргөн мэдүүлэхээр хэлэлцээр үргэлжилж байна.