Нийслэлд зам засвар, иргэдийн ажил хөдөлмөр, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа, түгжрэл гээд бум бужигнаж, түм түчигнэсэн өдрүүд үргэлжилж байна.
Хагархай, нөхөөстэй, овон товон автозамыг шинэчилж, өргөтгөж, явган хүний зам тавьж байгааг буруу ажил гэх хүн олдохгүй. Харин замын хашлага, хавтан жил бүр шахуу сольж байгаад иргэд бухимдаж байна. Бордюрын нас 14-16 жил байдаг солих цаг нь болсон гэх мэдээллийг холбогдох хүмүүс өгсөн байдаг. Гэтэл замын компанийн төлөөлөл өчигдөр мэдээлэл хийхдээ "Бетон хашлага шаардлага хангахгүй, богино настай байна. Сөүлийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Төв шуудангийн урдуур 20 жил болж байгаа чулуун хашлагатай. Өнгөрсөн хугацаанд эдгээр чулуун хашлагын нэгийг ч солиогүй. Бетон хашлагаас 2-3 дахин үнэтэй чулуун хашлагаар сольчихвол 20-30 жилийн настай ажил болно" гэж андгайлах нь холгүй ам өчиг өгөв.
"Бордюрын мафи" гэх ойлголтыг тэд эрс няцаагаад, ажлыг нь улс төржүүлж байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн чулуун хашлагын зөвхөн хилээр орж ирж буй үнэ дунджаар 34,000 төгрөг байдаг аж. Мөн нэг хашлагын жингээс нь хамаараад ойролцоогоор 175 юань буюу 36,000 төгрөгөөр оруулж ирсэн гэх мэдээллийг хэвлэлийн хурлын үеэр дурдсан юм. Нэг хашлагад ойролцоогоор 29,900 төгрөгийн татвар төлдөг гэж байв.
Замчдын хэлж буйгаар 2024 онд шинээр тавьсан чулуун бордюр 2044, 2054 он хүртэл бүрэн бүтэн, дурайж байх аж. Бас мөддөө иргэд бид "бордюр" гэдэг үгийг мартах бололтой.
Хотын дарга Х.Нямбаатар ч "MNS стандартыг нь өөрчилж байгаа учраас нийслэлийн төсөвт ахиж бордюрыг төсөв суулгахгүй" гэж ам гарсан. Стандартыг нь өөрчилчихөөр ахиад стандартадл нийцүүлэх гээд хашлага бариад гүйх юм биш биз гэсэн эргэлзээ ч үүнээс үүснэ.
Ямартай ч гүйцэтгэгчид болон захиалагч нь "солихгүй", "урт настай чулуун бордюр" гэснийх дахиж мөддөө энэ тухай нийгмийн стресс үүсэхгүй гэдгийг бараг л андгайлсан гэсэн үг. Одоо энд тэндгүй овоолсон хагархай хашлагаа зайлуулж, их хотынхоо өнгө үзэмжийг хурдхан тордохгүй бол өвөл боллоо. Овоолсон, хагарсан бордюрт тээглэж унаад нөгөө ертөнцийн тухай бодмооргүй л байна.
М.Жаргал
Сэтгэгдэл (4)