Хэлэлцээний эхэнд Б.Батцэцэг сайд хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд Оман Улсаас манай улсад дээд, өндөр түвшинд хэрэгжүүлж буй анхны албан ёсны айлчлал болж буйг онцолж, Монгол Улс Булангийн орнуудтай ойр дотно харилцаа тогтоох, урт удаан хугацааны бат бэх түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж буйгаа тэмдэглэв.
Манай хоёр орны харилцаа дипломат харилцаа тогтоосноос хойшхи 30 гаран жилийн хугацаанд улс төрийн найрсаг харилцааны хүрээнд явагдаж ирсэн бөгөөд хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх шаардлага байгаа гэдэгт талууд санал нэгдэж, цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, уул уурхай, эрчим хүч, боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх, чингэхдээ хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судлахаар болов. Мөн олон улсын байгууллагуудын хүрээнд үргэлжлүүлэн хамтран ажиллахыг чухалчлав.
Түүнчлэн, иргэд хоорондын солилцоог бэхжүүлэх, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд эхний ээлжинд Дипломат, албан/тусгай, үйлчилгээний паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулах, цаашид бүх төрлийн паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх хэлэлцээрийг байгуулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо.
Хэлэлцээний дараа Гадаад харилцааны сайд нар “Зөвлөлдөх уулзалтын тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Оманы Султант Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Гадаад хэргийн сайд Сайид Бадр Аль-Бусайди нар албан ёсны хэлэлцээний дүнгээр хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд хамтарсан мэдээлэл хийв.