Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, НҮБ хамтран зохион байгуулж буй “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг нээж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хэлсэн үгийг хүргэж байна.
ДОМОГТ ХАТДЫН ЦЭЦЭН БИЛГИЙН ӨЛГИЙ БОЛСОН МОНГОЛ УЛСАД БИД ЭХ ДЭЛХИЙГЭЭ ЦЭЦЭГЛҮҮЛЭН ХӨГЖҮҮЛЖ, ИРЭЭДҮЙГ НЬ БҮТЭЭХ ҮЙЛСЭД ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮД ЭН ТЭГШ, МАНЛАЙЛАН ОРОЛЦОХ ЁСТОЙ ГЭСЭН НЭГЭН ҮЗҮҮРТ СЭТГЭЛ, НИЙТЛЭГ ҮЗЭЛ САНААГААР ХУРАН ЦУГЛАРААД БАЙНА.
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч,
Эрхэмсэг хатагтай нар, эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,
“Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцохоор Монголын зүг зорьж энд хүрэлцэн ирсэн эрхэм зочид төлөөлөгчид та бүхэн Монгол Улсад тавтай морилно уу.
Дэлхий дахинд шударга, бүх нийтийн оролцоотой, хөгжин цэцэглэсэн, амар амгалан, тэгш нийгмийг бүтээх үйлсэд хувь нэмрээ оруулах эрмэлзэлтэй мянга мянган монгол эмэгтэйчүүдийн төлөөлөл хүрэлцэн ирсэнд гүн талархал илэрхийлье.
Домогт хатдын цэцэн билгийн өлгий болсон Монгол Улсад өнөөдөр бид эх дэлхийгээ цэцэглүүлэн хөгжүүлж, ирээдүйг нь бүтээх үйлсэд охид, эмэгтэйчүүд эн тэгш, манлайлан оролцох ёстой гэсэн нэгэн үзүүрт сэтгэл, нийтлэг үзэл санаагаар хуран цуглараад байна.
Одоогоос 30-аад жилийн өмнө Бээжин хотноо болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн бага хурлаас “хүний эрх бол эмэгтэйчүүдийн эрх, эмэгтэйчүүдийн эрх бол хүний эрх” хэмээн тунхаглаж, хүйсийн тэгш харилцаанд тулгардаг саад бэрхшээлийг арилгах томоохон зорилтыг дэлхий нийтийн өмнө тавьсан билээ. Өнгөрсөн хугацаанд ялгаварлан гадуурхсан агуулгатай хуулиудыг засварлаж, хүйсийн сэдэлтэй хүчирхийлэлтэй тэмцэж, охид бүсгүйчүүд хичээлийн танхим, ажлын байр, удирдах албан тушаалд олноороо орж, багагүй дэвшил гарсан.
Гэсэн ч энэ дэвшилтэт үйл явц удаан, төвөгтэй, тэнцвэргүй байгаа бодит байдалд дүгнэлт хийх шаардлагатай байна. Өнөөдөр дэлхийн олон орны эмэгтэйчүүдийн хувьд хүйсийн тэгш эрх алсын мөрөөдөл хэвээр байна. Хүйсийн тэгш эрхийг жинхэнэ утгаар нь хангасан улс орон байхгүй бөгөөд эрх тэгш байдлыг бүрэн дүүрэн хангахад тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх ёстой 2030 оноос хойш дахин 5 үе буюу 130 гаруй жил шаардлагатай гэсэн судалгаа ч бий.
Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлж дуусах хугацаа ойртсоор байгаа ч дэлхий дахиныг бүхэлд нь хамарсан хямрал, сөргөлдөөн нүүрлэсэн түүхийн эгзэгтэй агшин тохиолоо. Нийгэм, эдийн засгийн тэгш бус байдал гүнзгийрч, хүчирхийлэл, зөрчилдөөн газар авч, цаг уурын өөрчлөлтийн хурд нэмэгдэж, биологийн төрөл зүйлийн харьцаа алдагдаж, эх байгалийн нөөц баялаг хомсдож, замбараагүй хэрэглээ бидний ирээдүйг гамшгийн ирмэгт улам ойртууллаа. Ардчилсан зарчмууд суларч, нийгмийн хуваагдал гүнзгийрэх эрсдэлтэй энэ үед бид хатуу боловч бодит үнэнийг ухаарах ёстой: манай гараг дэлхий бүхэлдээ амаргүй сорилттой тулгарч, бидний хайхрамжгүй үйлдлүүдийн сөрөг үр дагавар улам тод мэдрэгдэж байна.
Дэлхий нийтэд тулгарсан эдгээр хямрал хоорондоо гүнзгий хамааралтай. Нэгэн цагт элбэг хангалуун байсан манай дэлхий өнөөдөр замбараагүй хэрэглээ, цаг уурын өөрчлөлт, байгаль орчны доройтлын өмнө хүчин мөхөстөж болзошгүй. Улмаар хүн төрөлхтөн төдийгүй үй олон ургамал, амьтны оршил ахуйд заналхийлж болохыг дэлхий нийтээрээ харлаа.
Бодит байдал ийм учраас бид гарцаагүй үнэнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Эмэгтэйчүүдийн зохих эрх мэдэл, оролцоог нь хангасан хүйсийн тэгш байдалгүйгээр эдгээр хямралыг даван туулж, эх дэлхийгээ аварч чадахгүй.
ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТАЛ ХУВЬ БОЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮД ГЭР БҮЛ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ ТУЛГУУР БАГАНА БИЛЭЭ. ТЭДНИЙ ХОЛЧ ХАРАА, ЦЭЦЭН БИЛИГ, ХАТАН УХААН БИДЭНД ТУЛГАРДАГ ЭЭДРЭЭ ТӨВӨГТЭЙ ОЛОН СОРИЛТЫГ ДАВАН ТУУЛАХАД АМИН ЧУХАЛ. ТИЙМ БАЙТАЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ГАДУУРХАГДАЖ, ДУУ ХООЛОЙ НЬ ДАРАГДАЖ, НИЙГЭМД ГҮЙЦЭТГЭСЭН ҮҮРЭГ НЬ ДУТУУ ҮНЭЛЭГДЭЖ ИРСЭН. ҮҮНИЙГ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ, УЧИР НЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧАДВАР, БОЛОМЖИЙГ БҮРЭН НЭЭЖ БАЙЖ БИД ИЛҮҮ ШУДАРГА, ТЭГШ, ТУЛХТАЙ НИЙГМИЙГ БҮТЭЭНЭ.
Олон зууныг дамжин тогтсон эмэгтэйчүүдийг ялгаварлах үзэл бидний хүссэнээр нэг сайхан өдөр алга болохгүй. Иймээс бид цаг алдалгүй зорилго, зорилтоо тодорхойлж хамтын шийдвэрээ гаргах ёстой. Зорилгодоо хүрэхдээ алхам алхам төдийхнөөр удаан урагшилмааргүй байна. Бид үнэт зүйлс, тогтолцоо, ач холбогдлын эрэмбэ дарааг үндэс сууриар нь дахин тодорхойлсон сэтгэлгээний өөрчлөлт хиймээр байна. Эмэгтэйчүүд бүх түвшинд, жирийн иргэдийн санаачилгаас эхлээд шийдвэр гаргах бүхий л үйл явцыг манлайлан оролцож чадна. Цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, нийгмийн шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, байгаль орчныг хамгаалах зэрэг бүх салбарт эмэгтэйчүүдийн дуу хоолой хэрэгтэй байна.
Эмэгтэйчүүд нь тэгш эрхтэй, чадвартай байвал нийгэм уян хатан болдог, эдийн засаг бэхэждэг, энх тайван тогтдог. Хүйсийн эрх тэгш байдал зөвхөн зорилго, зорилт биш, манай цаг үеийн хамгийн хүнд хэцүү сорилтуудыг даван туулах шийдлийн түлхүүр юм.
Хүн төрөлхтөн хөгжихдөө хэнийг ч орхих учиргүй. Хүйсийн эрх тэгш байдлыг хангах нь хүн бүрд хүртээмжтэй. Хүрэх зам нь хүнд хэцүү болохоор зөвхөн хамтын хүчээр шийдэх боломжтой.
Та бидний хамтын зорилт бол хүйсийн тэгш бус байдлыг арилгаж нийгэм, улс төрийн бүх салбарт охид, эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах явдал юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ их үйлсийг тууштай дэмжиж, хувь нэмрээ оруулдагт гүн талархал илэрхийлж байна.
Түүнчлэн энэ чуулга уулзалтыг зохион байгуулахад үнэтэй хувь нэмрээ оруулсан НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллага, Улаанбаатар дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын бусад төрөлжсөн байгууллагад гүн талархлаа илэрхийлье.
Хүний эрх, суурь эрх чөлөөг аливаа ялгаваргүй хүндэтгэж, бодлого, үйл ажиллагааны чиг баримжаа болгох үндсэн зарчмууд НҮБ-ын Дүрэмд тодорхой тусгагдсан. Эмэгтэйчүүдийн байр суурийн асуудал эрхэлсэн НҮБ-ын Комисс хүйсийн тэгш харилцааг тогтооход тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг гэдгийг цохон тэмдэглэе. Эдгээр зарчим болон даян дэлхийн эмэгтэйчүүдийн эрх, чадавхыг нэмэгдүүлэхийн төлөө Монгол Улс тууштай бодлого баримтлах болно гэдгээ дахин нотолж байна.
МОНГОЛЫН ТҮҮХЭНД ЭМЭГТЭЙЧҮҮД ЭРЧҮҮДДЭЭ ЯМАГТ ТҮШИГ БОЛЖ, ОЛОН УЛС, ҮНДЭСТНИЙГ БАГТААСАН ИХ ГҮРНИЙГ БАЙГУУЛАХАД ЧУХАЛ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН. МАНАЙ ИХ ХААДЫН ЭЭЖ, ХАТАД, ОХИД, БЭР, ЗЭЭ НАР ЕВРОАЗИЙН ТҮҮХЭНД МОНГОЛ ЭМЭГТЭЙН ХАТАН УХААНААР ЭНХ ТАЙВНЫГ ТОГТООХ, ХУДАЛДААГ ХӨГЖҮҮЛЭХ, ДЭВШИЛТЭТ ҮЗЭЛ САНААГ ДЭЛГЭРҮҮЛЭХ, ШАШНЫГ ХҮНДЭТГЭХ, СОЁЛ УРЛАГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛСИЙГ ГАРДАН ХАРИУЦАЖ, УДИРДАЖ ЯВЖЭЭ.
Монгол орон хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хүйсийн эрх тэгш байдлын өнө эртний уламжлалтай. Бид нүүдэлчин ард түмэн. Нүүдлийн соёл иргэншлийн үзэл санаа эцсийн эцэст байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ногоон хөгжлийн агуулгатай.
Тэгэхээр ногоон хөгжлийн ирээдүйн талаар манай ард түмэнд хэлэх үг, дэлхий нийтэд нэмэрлэх санаа бодол байгаа гэсэн үг. Бусад улсын туршлага ч бас бидэнд хэрэгтэй. Энэ хурлаар манай улс хүйсийн тэгш байдлаас эхлээд НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтууд хүртэлх өргөн хүрээний асуудлыг хэлэлцдэг, шийдэл олдог олон улсын индэр байх нөөц бололцоотой, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад хувь нэмрээ оруулах эрмэлзэлтэй гэдгээ дахин илэрхийлэх боломж гарч буйд баяртай байна.
Энэ өдрүүдэд бид хүйсийн тэгш байдал, тулхтай хөгжлийн уялдаа холбоог хөндсөн олон сэдвээр өргөн дэлгэр хэлэлцүүлэг хийнэ. Хүйсийн тэгш оролцоотой эдийн засаг, цахим эдийн засгийн асуудлыг бас хөндөнө.
Эдгээр хэлэлцүүлэгт та бүхний идэвхтэй оролцоо, санаа бодол үнэтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй. Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр энэ ертөнц улам гэрэл гэгээтэй болно гэсэн та бидний хамтын итгэл үнэмшил энэхүү чуулганыг үр дүн, амжилтад хүргэнэ гэдэгт итгэлтэй байна.
Өмнө дурдагдсан олон асуудлыг шийдэхэд охид, эмэгтэйчүүдийн боловсрол онцгой ач холбогдолтойг харгалзан, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны гараа, гол суурь болгох санал дэвшүүлье. Даян дэлхийн эмэгтэйчүүдэд тулгардаг сорилт, тэгш бус боломж, тогтолцооны саад бэрхшээлүүд эцсийн эцэст боловсролын түвшинтэй холбоотой. Ийм учраас шийдлийг юуны түрүүнд охид, эмэгтэйчүүдийн боловсролтой холбон хэлэлцэж, гарц гаргалгаа олохыг уриалж байна.
ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ДҮНГ ТОДОРХОЙЛСОН БАРИМТ БИЧИГ ГАРНА. “ТОГТВОРТОЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨХ УЛААНБААТАРЫН ТУНХАГЛАЛ” ГЭЖ НЭРЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙГАА ЭНЭ БАРИМТ БИЧИГТ ТА БҮХНИЙ ҮНЭТЭЙ САНАА БОДЛЫГ ЦОГЦООР НЬ ТУСГАХЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАХАА МОНГОЛ УЛСЫН ГХЯ ДАХИН НОТОЛЖ БАЙНА.
Даян дэлхийн эмэгтэйчүүдийн их үйлсийн төлөө гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр Монголын зүг зорьж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж чуулганд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөдөө, монгол эмэгтэйчүүддээ баярлалаа.
Чуулганы үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.
Анхааран сонссонд баярлалаа.