"Ногоон ирээдүйн төлөө" сэдэвт "Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт" болж байна. Чуулга уулзалтад оролцож буй зарим төлөөлөгчдийн хэлсэн үгийг та бүхэн тоймлон хүргэж байна.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:
-Өнөөдөр дэлхийн олон орны эмэгтэйчүүдийн хувьд хүйсийн тэгш эрх алсын мөрөөдөл хэвээр байна.
Эмэгтэйчүүдийн чадвар, боломжийг бүрэн нээж байж бид илүү шударга, тэгш, тулхтай нийгмийг бүтээнэ. Эмэгтэйчүүд шийдвэр гаргах бүхий л үйл явцад манлайлан оролцож чадна.
Даян дэлхийн эмэгтэйчүүдийн эрх, чадавхыг нэмэгдүүлэхийн төлөө Монгол Улс тууштай бодлого баримтлах болно. Манай улс хүйсийн тэгш байдлаас эхлээд НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтууд хүртэлх өргөн хүрээний асуудлыг хэлэлцдэг, шийдэл олдог олон улсын индэр байх нөөц бололцоотой.
Эмэгтэйчүүдэд тулгамдсан сорилт, тэгш бус боломж, тогтолцооны саад бэрхшээл бол эцсийн дүнд боловсролтой шууд холбоотой. Боловсролыг эн тэргүүнд тавьж, шийдлийг эрэлхийлэхийг та бүхэнд уриалж байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед:
-Охид, эмэгтэйчүүдийн боловсрол, ажил эрхлэлтийн асуудлыг зөв шийдвэрлэх нь эдийн засгийн хөгжилд маш чухал нөлөөтэй. Үүний тулд эмэгтэйчүүдийг илүү шударга, илүү тэгш эрхтэй нийгэмд амьдрах орчныг бүрдүүлэх учиртай. Үүний тулд эрэгтэйчүүдийн оролцоог ч үгүйсгэж болохгүй. Эмэгтэйчүүд хүнсний авулгүй байдлын чиглэлд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх шаардлагатай байна.
Түүнчлэн сэргээгдэх эрчим хүч, цахим эдийн засгийг дэмжсэнээр тогтвортой ажлын байрыг бий болгоно. Иймээс эл чиглэлд ч бид ажиллах учиртай. Энэ нь цалингийн ялгамжийг арилгахад томоохон нөлөө үзүүлэх юм.
Бүгд найрамдах Словени улсын Ерөнхийлөгч Наташа Пирц Мусар:
-Эрх тэгш байдлыг хангахад тууштай болдлого явуулж байгаад баяр хүргэе. Эмэгтэйчүүдийн оролцоог хязгаарлах оролдлого бүх түвшинд байгаа. Гэхдээ энэ бол гагцхүү эмэгтэйчүүдийн ч асуудал бус. Тиймээс тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх хүчин чармайлтыг ч сааруулж байгаа юм.
Жендерийн эрх тэгш байдал аливаа ахиц дэвшилд нэн чухал. Эрх тэгш байдал бол шударга ёс. Улс төрд ч шударга байдлыг дэмжих ёстой гэдгийг би цохон тэмдэглэе.
М.Жаргал