Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ Хятадын талаас тавьж буй нүүрс худалдах, худалдан авах, олборлох асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийг үүрэг болгосон гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээллээ.
Тэрбээр “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон 14 мега төслийн жагсаалтын эхэнд Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил бий. 2014 онд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар уг ажил эхэлж байсан ч зарим шалтгааны улмаас өнөөдрийг хүртэл удааширсан байдалтай байна. Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын ажлыг эрчимжүүлснээр нүүрсний экспорт 30 сая тонноор нэмэгдэнэ. Улмаар эдийн засаг тэлэх боломжийг бүрдүүлнэ” гэв.
Сэтгэгдэл (1)