Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өглөө. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ.
Тэрбээр “Монгол Улс, Словени Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч, эрхэмсэг хатагтай Наташа Мусар төрийн айлчлал хийж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны энэ айлчлал Словени Улсын төрийн тэргүүний манай улсад хийж буй анхны төрийн айлчлал бөгөөд найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түүхийн нэгэн шинэ хуудсыг та бид хамтдаа нээж байна.
Бүгд Найрамдах Словени Улсыг бид гуравдагч хөрш, Европ дахь чухал түншүүдийн нэг гэж үздэг бөгөөд манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг ардчиллын үнэт зүйлд тулгуурлан өргөжин хөгжиж байна.
Айлчлалын үеэр бид харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, улс орны хөгжил дэвшил, эдийн засгийн үр өгөөжтэй харилцааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Бидний яриа хэлэлцээний үр дүнд “Монгол, Словенийн Хамтарсан тунхаглал”, “Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Санамж бичиг”, “Ойн салбарт хамтран ажиллах тухай Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Мөн “Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар эцэслэн тохиролцлоо. Эдгээр баримт бичиг нь манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны цаашдын чиглэл, замын зураглалыг тодорхойлж, хоёр орны харилцааг бүхий л салбарт бэхжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна.
Энэ удаагийн төрийн айлчлал нь худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, байгаль орчин, зам тээвэр, аялал жуулчлал, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болж байна.
Мөн хүрээлэн буй орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь манай хоёр орны Дунд болон урт хугацааны хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх тэргүүлэх зорилтуудын нэг. Энэ чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах нь зүйтэй гэж үзлээ.
Словени Улсын “Крка” эмийн бүтээгдэхүүн манай зах зээлд нэгэнтээ танигдсан, цаашид энэ чиглэлийн худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх өргөн боломж байна. Монгол, Словенийн бизнес эрхлэгчдийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохирлоо.
Улс төр, нийгэм, эдийн засгийн бүх салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, жендерийн эрх тэгш байдлыг хангах нь манай хоёр орны нийтлэг зорилт бөгөөд энэ зорилтоо амжилттай хэрэгжүүлэхэд хамтын хүчин чармайлт гаргах нь чухал гэдэгтэй санал нэгдлээ.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч та манай сайхан оронд төрийн айлчлал хийхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо болж буй “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д хүндэт зочноор оролцох болсонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Манай хоёр улс нийтлэг зорилт, гадаад бодлогын ижил төстэй байр сууриа бататгаж, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэн хөгжүүлэхээ нотоллоо.
Цаашид харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхжиж, эдийн засгийн агуулгаар баяжин, олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт хамтын хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна.
Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого болон Словени Улсын даян дэлхийн энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх хүчин чармайлт, бодлогыг харилцан уялдуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө байна.
Та бидний яриа хэлэлцээ, харилцан тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард иргэдийн сайн сайхны төлөө үр дүнтэй биеллээ олж, харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхэжнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Наташа Мусар таныг болон эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид Та бүхнийг мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад тавтай сайхан морилохыг хүсье”.
Сэтгэгдэл (1)