Монгол улсын Гадаад харилцааны яам наймдугаар сарын 22, 23-нд Улаанбаатар хотод Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна. Чуулга уулзалтад дэлхийн 15 улсын төр засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын дарга, сайд нар, 20 орчим олон улсын байгууллага, олон улсын төрийн бус байгууллага болон бизнес, спорт, урлаг зэрэг бүхий л салбарын эмэгтэй манлайлагчид оролцоно. Бээжин хотод 1995 онд болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн дөрөвдүгээр бага хурлаас хойш Ази тивд эмэгтэйчүүдийн ийм өргөн цар хүрээтэй форум болж байсангүй. Бээжингийн бага хурлыг, мөн түүнээс өмнө Мексик (1975), Дани (1980), Кенид (1985) тав, таван жилийн зайтай болсон өмнөх хурлуудыг НҮБ зохион байгуулж байсан бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтыг мөн НҮБ манай Гадаад харилцааны яамтай хамтран Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж байгаа юм. “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт уг чуулга уулзалтын үеэр 6 салбар хуралдаан болох бөгөөд оролцогчид дараах сэдвээр хуралдах юм. Үүнд:
1. Байгаль орчинд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд эмэгтэй манлайлагчдын оролцоо
2. Тогтвортой ирээдүй: Хүнсний тогтолцоог бүрдүүлэхэд эмэгтэйчүүдийн үүрэг
3. Дижитал эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоо
4. Жендэрийн тэгш эдийн засаг
5. Эмэгтэйчүүд, охидыг чадавхижуулахад боловсролын ач холбогдол, нөлөө
6. Спорт, урлаг, соёлын салбар дахь жендэрийн тэгш байдал
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилсан энэхүү форум нь ирэх 9 дүгээр сард Нью-Йорк хотноо болох Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт, 2025 онд тохиох Дэлхий эмэгтэйчүүдийн дөрөвдүгээр бага хурлаар гаргасан тунхаглалын 30 жилийн ойг угтуулан болж байгаа юм. Уг хурлыг зохион байгуулснаар жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхжуулахад Монгол улсын тавьсан зорилго, зорилтууд биелэхэд чухал хувь нэмэр оруулах алхам болно хэмээн салбарын мэргэжилтнүүд үзэж байна.