УИХ-ын ээлжит бус чуулган эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ.
Тэрбээр "126 гишүүнтэй парламентын өмнө хууль эрх зүйн орчинг шинэ цагийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн төгөлдөржүүлэх өндөр хариуцлагатай, өргөн цар хүрээтэй үйл хэрэг хүлээгдэж байна. Өнөөгийн Монгол Улсын нийгмийн харилцааг 1992 оны Үндсэн хуулиар тунхагласан үнэт зүйл, үзэл санаа түүнд нийцүүлэн боловсруулсан хууль эрхзүйн орчноор зохицуулж байна.
Одоогийн байдлаар УИХ-аас баталсан 880 хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Эдгээр хуулиудын 437 нь нийгмийн өдөр тутмын харилцааг тогтмол зохицуулж, даган мөрдөгддөг хуулиуд байна. Харин үлдсэн 443 хууль нь нэг удаагийн шинжтэй үйлчилдэг хуулиуд байна. Үүний зэрэгцээ 1992 оны Үндсэн хуулиа өмнө батлагдсан 8 хууль хүчин төгөлдөр үйлчилж байна.
Тухайлбал, 1957 онд батлагдсан “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг одонгоор шагнах, улсын тэтгэврийг өргөтгөн нэмэгдүүлэх тухай”; 1991 онд батлагдсан “Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хууль” зэргийг дурдаж болно. Мөн нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актын бүртгэлтэй 2768 журмаар нийгмийн харилцааг зохицуулж байна.
Дээрхээс харвал, хууль тогтоомжийн 32 хувь нь хууль, 68 хувь нь захиргааны хэм хэмжээний акт болсон байна. Энэ нь хуулиар зохицуулбал зохих харилцааг журмаар зохицуулахад хүрч, хуулиар албан тушаалтан, төрийн байгууллагад нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоох эрхийг олгож ирснийг илэрхийлж байна. Тодруулбал, хуулиар зохицуулбал зохих харилцааг журмаар зохицуулснаар хүний эрхэд халдах ноцтой үр дагаварт хүргэсэн гэж болох юм. Улмаар хууль, эрх зүйн орчны дээрх доголдол нь хуулийг үзэмжээр биелүүлэх, хүний эрхийг хязгаарлах үндэс болж, хууль дээдлэх зарчмыг алдагдуулж байна.
Иймээс энэ удаагийн 126 гишүүнтэй шинэ парламент хууль тогтоох үйл ажиллагаандаа дараах үндсэн чиглэлийг баримтлан ажиллана. Үүнд:
- Хүний эрхийг дээдлэсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоог бүрдүүлнэ;
- Хууль тогтоомжийг тодорхой ойлгомжтой болгож, хууль хүн бүрд ижил тэгш үйлчилдэг болгоно;
- Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг болно.
Улс орныхоо хууль эрх зүйн орчныг илүү сайжруулах хүрээнд манай парламентын өмнө тулгамдаж байгаа зөвхөн зарим асуудал гэвэл ийм байна.
Та бидний өмнө үүнээс ч олон асуудлыг шийдвэрлэх эрэлт хүлээлт байна. Иймд, шинэ парламентын гишүүн та бид, эрх мэдэл гэхээс илүүтэй иргэдийнхээ жинхэнэ төлөөлөл байж, улс орныхоо хөгжлийг хурдасгах үндсэн зорилгынхоо төлөө өндөр ёс зүйтэй, илүү бүтээлч, ил тод, хурдтай ажиллах шаардлагатай байна.
УИХ-ын эрхэм гишүүнийхээ нэр төрийг өндөрт өргөж, “Хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл баримтлал бүхий”, “Хууль тодорхой, ойлгомжтой, ижил тэгш үйлчилдэг”, “Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцэхүйц” Монгол улсынхаа хууль эрх зүйн орчны гурван төгөлдөржилтийг бодит болгох ариун үйлсдээ хувь нэмрээ оруулж, үлгэр дуурайлал үзүүлж ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байна" гэв.
Сэтгэгдэл (1)