Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны наймдугаар сарын 14-ний өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь Засгийн газрын хуралдаанд Төрөөс орон сууцжуулалтын талаар 2024-2028 онд баримтлах бодлого, чиглэлийг танилцууллаа.
Орон сууцжуулалтын талаар баримтлах бодлого, чиглэлийг Засгийн газрын “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, МАН, АН, ХҮН намын мөрийн хөтөлбөр, эвслийн гэрээтэй уялдуулан боловсруулаад байна.
Монгол Улсын хотжилтын түвшин дэлхийн хотжилтийн түвшнээс өндөр буюу 100 мянга гаруй оршин суугчтай Эрдэнэт, Дархан хот, 20-50 мянган оршин суугчтай аймгийн төвүүдийг эс тооцвол хүн амын тал орчим хувь нь нийслэлд суурьшиж байгааг хотжилтын түвшин хэт өндөр гэх дүгнэлтийг судлаачид гаргаад байгаа юм.
Тиймээс 2024-2028 онд Улаанбаатар хотын төвлөрлийг нэмэхгүйгээр эдийн засгийн өсөлт өндөртэй, аж үйлдвэрлэл, худалдаа, тээвэр логистик хөгжсөн таталцал өндөртэй, суурингийн төв болох чадамжтай орон нутгийн хот суурин газрыг дэмжих бодлогыг баримталж ажиллана гэдгийг сайд Ж.Батсуурь танилцууллаа.
Монгол Улс 2010 онд нийт 192,236 айлын орон сууцны сантай байсан бол 2023 оны эцэст энэ тоо 411,101 болж нэмэгдсэн. Энэ нь Монгол Улсын нийт айл өрхтэй харьцуулбал 41.1 хувьтай тэнцэж байгаа үзүүлэлт бөгөөд он гарсаар 37.3 мянган айлын орон сууцны барилга угсралтын ажил шинээр эхэлсэн нь 2024-2025 онд нийт 66.4 мянган айлын орон сууцны нийлүүлэлт үүсгэхээр байна гэдгийг салбарын сайд тэмдэглэв.
Мөн шинээр ашиглалтад орох дээрх 37.3 мянган айлын орон сууцны 81.5 хувь буюу 30.4 мянга нь Улаанбаатар хотод төлөвлөгдсөн нь хөдөө, орон нутгийн өрсөлдөх чадамж муу, хатуу болон зөөлөн дэд бүтцийн хөгжил сул байгааг харуулахын зэрэгцээ шинээр хот, суурин газрыг хөгжүүлэх чиглэлд төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээг улам бүр эрчимжүүлж, хөдөлмөр эрхлэлт болон орон сууцны салбарт шинээр татаас, урамшууллын тогтолцоог нэвтрүүлж, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжид шууд нөлөө үзүүлэх бодит дэмжлэг шаардлагатай байгааг харуулж байна гэлээ.
Тиймээс орон сууцжуулалтын талаар эрх зүйн орчныг бий болгох, сумын төв, хот суурин газарт орон сууц барихад шаардлагатай инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн бэлэн байдлыг хангах, төрөөс санхүүжүүлэн хэрэгжүүлэх нийтийн, төрийн албан хаагчдын, зайлшгүй халамж асаргаа шаардлагатай иргэдэд зориулсан орон сууцны барилгын зургийн санг бий болгож, хөрөнгө оруулалтыг зөв хуваарилах чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Үүнд:
- Орон сууцны ашиглалтын тухай, Үндэсний орон сууцжуулалтын тухай анхдагч хуулиудын төслийг боловсруулж, УИХ-д өргөн барих,
- Үндэсний орон сууцны хөтөлбөрийг боловсруулан батлуулж, хэрэгжүүлэх,
- Орон нутаг дахь орон сууцжуулах төсөл арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн хөрөнгө оруулалтад дэмжлэг үзүүлэх,
- Бага орлоготой айл өрх, залуу гэр бүл, төрөөс зайлшгүй халамж шаардлагатай айл өрхийг орон сууцаар хангах.
Сэтгэгдэл (2)