Улс оронд тулгамдсан асуудал, тулгарч буй сорилтыг хамтран илүү үр дүнтэйгээр шийдвэрлэхээ илэрхийлж бүрэн эрхийнхээ хугацаанд бүтээлчээр тогтвортой хамтран ажиллах зорилгоор “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан Засгийн газрын гэрээг гурван намын дарга нар гарын үзэг зурсан.
Энэхүү гэрээг байгуулахдаа намуудын мөрийн хөтөлбөрт туссан сонгуулийн нийтлэг зорилтыг чиглэл болгон авч үзэж, гэрээнд тусгажээ.
Тухайлбал,
МАН-ын Мөрийн хөтөлбөрт туссан, Нийгмийн бодлогын шинэчлэл, бүсчилсэн хөгжлийн бодлого, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх, цахим засаглал, эхлүүлсэн томоохон төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилтууд
АН-ын мөрийн хөтөлбөрт туссан, Хүний хөгжлийн болон хувийн өмчийн эрхийн хамгаалалт, технологийн суурьтай мэдлэгийн эдийн засаг, бизнесийн хөрөнгө оруулалтын орчин болон эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах, шударга ёсны зорилтууд
ХҮН намын мөрийн хөтөлбөр дэх, Эрчим хүчний болон боловсролын салбарын реформ, гадаад худалдаа хөрөнгө оруулалтын асуудал, төрийн худалдан авах ажиллагааны бодлогыг шинэчлэх, төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах зорилтуудыг тус тус удирдлага болгон өнөөдрийн “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан Засгийн газрын гэрээг байгуулсан.
Тэгвэл тус гэрээнд АН-ын дарга Л.Гантөмөр дур мэдэн гарын үсэг зурсан болохыг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд мэдэгдэв.
УИХ-ын гишүүн Ө.Шижир" Хамтарсан засгийн газрын гэрээг Ардчилсан намын ҮБХ, УТЗ, намын бүлэг гээд намын шийдвэр гаргах эрх бүхий аль ч бүтцээр хэлэлцэж батлаагүй. Манай намын бүлгээр эцэслэж хэлэлцэж батлаагүй. Одоо бүлэг хуралдаж байна. Ардчилсан намын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч болон бүлгийн дарга хүртэл энэ гэрээн дээр эцэслэж санал өгөөгүй гэж бүлэг дээр ярилцаж байхад гэрээг нь зурж байдаг. Арай дэндүү байна шүү. Энэ гэрээг АН-ын ажлын хэсгийн гишүүдэд 13:46 минутад өгөөд бүлэг 15:00н цагаас зарлаад одоо ч хуралдаж байна уг нь. Хурлын эхэнд бүлгийн дарга О.Цогтгэрэл ОХУ-ын сайд ирсэн учир намын дарга Лу.Гантөмөр чөлөө хүсэж байна гэж танилцуулсан. Гэтэл юун гадаад уулзалт, зочин хэхэ хэлэлцүүлж дуусаагүй, санал аваагүй гэрээгээ зурж байж… АН-аас сонгогдсон их хурлын гишүүд уг нь агуулга, заалт тус бүрээр нь ингээд хэлэлцэж байсан юм сан" гэв.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар" АН бүлэг яг одоо хуралдаж байна! Бүлгийн шийдвэр эцэслэж гараагүй байхад нөхөр Л.Гантөмөр гуай биднийг төлөөлж МАН даргатай гарын үсэг зурж байгаа нь бүдүүлэг байна! Хаа хаанаа ёс зүйтэй баймаар байна шүү нөхдөө" гэв.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан" АН-ын бүлгийн гишүүд хамтарсан ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр, гэрээг хэлэлцээд сууж байтал АН-ын намын дарга нар гүйж очоод Гэрээг батлаад гарын үсэг зурчихлаа, бүлэг эсрэг шийдвэртэй. Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй!!! Бүлэг хариуцлага хүлээхгүй" гэв.
Сэтгэгдэл (3)