Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал дараах мэдээллийг танилцууллаа.
Тэрбээр "Ирэх даваа гарагт Хамтарсан засгийн газрын гэрээ, төсвийн тодотголыг өргөн барина. Өчигдөр Ерөнхий сайдаар ахлуулсан бүрэлдэхүүн Засгийн газар нүүх байршлыг тодорхойлох, туннель гаргах, Туулын хурдны замаас Засгийн газрын шинээр баригдах газартай хэрхэн холбогдох талаар судалсан. Энэ төсөл дээр зөвлөх үйлчилгээ авах төсвийг суулгаж өгсөн.
Бидний хамгийн тулгамдаад буй асуудал бол нийслэлийн асуудал, түгжрэлийн асуудал. Гурван намын хамтарсан засгийн газар үүний тулд байгуулагдсан. Үндэсний эвсэл, ИЗНН-д саналаа хүргүүлсэн. Тодорхой мөрийн хөтөлбөрүүд дээр ямар санал тусгахыг нь сонсоно. ХҮН нам өөрөө засаглалын бодлого, гадаад худалдаа, боловсролын шинэчлэл, эрчим хүчний реформыг удирдлага болгосон. Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зөв бүтэц хэрэгтэй.
Ерөнхий сайд хуулиар олон зүйлийг тэргүүлдэг. Бараг 51 комисс, хороод байсныг 20-оор бууруулж, найман хороог нэгтгэж байгаа. Ерөнхий сайдын тэргүүлж байсан зарим хороодыг салбар сайд руу нь шилжүүлсэн. Хэрэг эрхлэхийн сайдын хувьд салбаруудын уялдааг хангуулах нь нэн тэргүүний ажил. Цаасгүй төрийг бий болгох нь чухал. Цомхон, бүтээмжтэй төрийг бий болгоно" гэв.