УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Хамтарсан Засгийн газрын гэрээний төсөл боловсруулах Ажлын хэсгийн гишүүд ХБНГУ-ын туршлагаас судлах, санал солилцохоор тус улсад ажиллаж байна.
Энэ хүрээнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ажлын хэсгийн тэргүүн Н.Учралаар ахлуулсан төлөөлөгчид 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ХБНГУ-ын Цахим хөгжил, зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Холбооны Эвслийн Засгийн газрын Гэрээ байгуулах Ажлын хэсгийн гишүүн асан ноён Хартмут Хөппнертэй уулзав.
Уулзалтын эхэнд сайд Н.Учрал Монгол, Германы Засгийн газар хоорондын Авто тээврийн хэлэлцээрийг 2024 оны 2 дугаар сард Улаанбаатар хотод байгуулсанд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж, цаашид харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлэхийн хирээр зорчигч болон ачаа, барааны харилцан солилцоо нэмэгдэхийг онцолж, хоёр улсын хооронд үйлдэж буй шууд нислэгийн тоог өсгөх, тухайлбал Берлин, Мюнхен зэрэг хотууд руу нийслэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэхийг ноён Х.Хөппнэр-ээс хүсэв.
Тэрээр Монгол Улсын Хамтарсан Засгийн газрын гэрээний төслийг урьдчилсан байдлаар боловсруулахдаа Германы туршлагаас хуваалцсаныг дурдаад, ойрын хугацаанд эцэслэн, олон нийтэд танилцуулахаар ажиллаж буйг онцлов. ХБНГУ-ын Эвслийн Засгийн газрын гэрээ байгуулсан туршлагаас хуваалцах, Хамтарсан Засгийн газар тогтвортой үйл ажиллагаа явуулахад анхаарах асуудлын талаар зөвлөгөө өгөхийг хүсэв.
Ноён Х.Хөппнер Монгол Улсын Хамтарсан Засгийн газрын гэрээний төсөлтэй товч танилцсанаа мэдээлж, тус улсын тухайд эхлээд намууд Эвсрийн гэрээгээ зөвшилцөн тохирч, баталгаажуулсны дараа Холбооны эвслийн Засгийн газрыг эмхлэн байгуулж ирсэн уламжлалтайг онцолсон. Улс төрийн намууд санал зөрөлдөөнтэй асуудлаар эхлээд аль болох дотооддоо буюу Эвслийн Засгийн газрынхаа түвшинд сайтар хэлэлцэн ойлголцолд хүрч, нэгдсэн шийдэлд олох, гадагшаа буюу олон нийтэд мэдээлэхгүй байхад анхаарч ажиллах нь чухлыг ноён Х.Хөппнер мэдээлж, энэ талаар Хамтарсан гэрээнд тусгаж өгснийг дурдав.
Сэтгэгдэл (1)