Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд одоогийн тус элчин сайдын яамны байр байрлах газрын 80 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг гардуулсан юм.
Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлийн Засаг даргын 2024 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн А/470 тоот захирамжийг үндэслэн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө хаягт одоогийн элчин сайдын яамны байр байрлах 4,092 ам метр газрыг Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд 80 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг гардуулж байна. Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйд талархаж байна” хэмээв.
БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ.
Ташрамд, Улаанбаатар хот нь БНТУ-ын Анкара болон Газиентип хоттой Ах дүү, Истанбул хоттой найрамдалт харилцаатай билээ.
Сэтгэгдэл (68)