Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээллээ. Хуралдаанаар “Хурдтай хөгжлийн төлөө зориг” хамтарсан Засгийн газрын гэрээний төслийн эхний хувилбарыг, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр Засгийн газрын 100 хоног хийх ажлын төлөвлөгөө болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийн талаар танилцуулсан байна. Мөн Сангийн сайд 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулжээ.
Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас гаргасан бодлогын хэрэгжилтэд илүү анхаарч ажиллах зорилт тавьсан. Үүний тулд салбар дундын уялдааг хангуулах нь маш чухал. Ерөнхий сайд болон яамдын дэргэд байгуулагдан ажиллаж байгаа Үндэсний хороод бий. Жишээ нь, Биеийн тамир, спортын үндэсний хороо, Бүтээмжийн хороо, Хүний эрхийн хороог дурдаж болно. Энэ хороодыг нэгтгэж, заримыг нь салбар яам руу нь шилжүүлж, үлдсэнийг нь цомхотгоно.
Салбар дундын уялдааг хангуулах зорилгоор Ерөнхий сайдын дэргэд Үндэсний хороо байгуулна. Өнөөдрийн хуралдаанаар Алсын хараа 2050 салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо байгуулах тухай тогтоолыг төслийг баталсан. Энэ хороог Ерөнхий сайд ахална. Сайд нар болон УИХ-д жагсаалтаар сонгогдсон мэргэжлийн экспертүүдийн төлөөллийг оруулаад тус хороог байгуулж байна" гэв.