Mонгол Улс, АНУ-ын анхдугаар иж бүрэн стратегийн яриа хэлэлцээ Вашингтон хотноо өчигдөр боллоо.
Яриа хэлэлцээг Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Америкийн талаас Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт М.Кэмпбэлл нар тэргүүлж, хоёр талаас 6 байгууллагын 40 орчим төлөөлөгч оролцов. Энэ яриа хэлэлцээ нь хоёр улсын харилцаа стратегийн гуравдагч хөршийн түншлэлд хүрснээс хойш иж бүрэн стратегийн яриа хэлэлцээний механизмыг нэвтрүүлж байгаагаараа онцлог юм. Хоёр талын харилцан сонирхсон асуудлаар сэдэвчилсэн долоон хуралдааныг зохион байгуулсан байна.
Яриа хэлэлцээний үеэр талууд Монгол Улс, АНУ-ын стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн хүрээнд улс төр, батлан хамгаалах, худалдаа, боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцаа, иргэд хоорондын хэлхээ холбоог улам гүнзгийрүүлэх, цаашид нэн чухал эрдэс баялаг, эрчим хүч, агаарын тээвэр, сансар судлал, цахим хөгжил зэрэг салбарт эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцжээ.
Хоёр тал бүс нутаг, олон улсын тавцанд бие биеэ дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирснээ бататган, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх, мөн энхийг сахиулах чиглэлээрх олон талт хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхийн төлөө буйгаа харилцан нотолсныг Гадаад харилцааны яам мэдээлэв.