Засгийн газрын хуралдаанаас гаргасан үүрэг чиглэлийн дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдээллээ.
Тэрбээр "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах ажлыг албан ёсоор эхлүүлсэн. Ажлын хэсэг нь Засгийн газрыг бүрдүүлж байгаа улс төрийн гурван намын төлөөллөөс бүрдэж буй. Тодруулбал, энэхүү ажлын хэсгийн тусламжтайгаар хамтарсан Засгийн газар цаашдаа хэрхэн ажиллах вэ гэх чиглэлээр гэрээ байгуулах юм.
Герман Улсын 2021 онд байгуулагдсан хамтарсан Засгийн газрын гэрээг туршлага болгон судалж байна. Мөн Шинэ Зеланд, Нидерланд зэрэг олон улсын сайн жишгийг нэвтрүүлэхийг зорьж байна.
Хамтарсан Засгийн газрын гэрээнд тусгагдсан гол зарчмууд хамтарч ажиллахдаа ямар зарчмыг баримтлах вэ гэдэгт оршино. Мөн улс төрийн намууд нь зөвшилцөлд хүрснээр хамтдаа хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ эрэмбэлнэ. Түүнчлэн салбар дундын уялдааг хангуулах нь чухал.
Зорилт, хөтөлбөрүүдийн нэр өөр хэдий ч тулгамдсан асуудал адил учраас мөрийн хөтөлбөрүүдийн 80 хувь нь хоорондоо уялдах бололцоотой гэж ажлын хэсэг дүгнэсэн.
Намуудын мөрийн хөтөлбөрийн уялдаа холбоог ханган хамтарсан Засгийн газрын гэрээг байгуулж, үүнд үндэслэсэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-д өргөн мэдүүлнэ.Хамтарсан Засгийн газрын гэрээг УИХ-д өргөн мэдүүлж, УИХ-ын тогтоол батлуулснаар цаашид сайн жишиг манай улсад үлдэнэ.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ямар бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ажиллах, мөрийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд төсөвт хэрхэн тодотгол хийх зэрэг чиглэлээр УИХ-д төсвийн тодотгол өргөн барихаар ажиллаж байна.
Үйл ажиллагааны хөтөлбөр, эвслийн хамтарсан Засгийн газрын гэрээ, төсвийг тодотголыг нэг сарын дотор УИХ-д өргөн мэдүүлэх төлөвлөгөөтэйгөөр ажлын хэсгүүдийг байгуулаад байна" гэв.
Сэтгэгдэл (2)