Сүүлийн жилүүдэд наадмаар "бөх, морь" хоёр маргааны гол сэдэв болжээ. Бөхчүүд нь допинг гэгчид холбогдоно. Морь нь сэрвээний өндрөөрөө хасагдана. Аль алинд нь "шударга хөдөлмөр"-ийн үнэ цэнэ унаж байгаа болов уу гэхээс яс өвдөнө.
"Олны үг ортой, орсон бороо тогтоолтой" гэдэг. Чин шударгаар хөдөлмөрлөж яваа олон ч уяач нэг насны хөдөлмөрөө дэвсүүлсэн байхыг үгүйсгэхгүй.
Сүргээсээ шилж сойсон хурдан хүлгээ өвөртөлж унтах нь холгүй бөөцийлж, халуун нар, хүйтэн жаварт нэмнэж, өвсний сайн тэжээлийн чанартайг өгсөөр дөрвөн улирлын ард наадмын дэнж рүү хөтөлдөг. Эртнээсээ хүлэг морио дээдэлсэн манай ард түмэн ийм л агуу соёлоо эрлийз адууны хөлөөр талхлуулсан нь эхний эмгэнэл...
Хэдэн мянганы өмнөөс хүлгийн хурдаар өрнө, дорнийг дөтөлсөн нүүдэлчин өвөг дээдэс минь "илжиг луус" шиг морио лав санаагүй байх. "Дун бүрээ хамартай, дуран хар нүдтэй байсан монгол адуу хялар, цэхэр болтлоо эрлийзжих ёсгүй" гэж одоо л гэнэт халаглавч оройтсон байвал яах билээ.
Эрлийз, монгол морийг ялгахдаа сэрвээний өндөр, үүлдэр байдал хоёрын алийг нь чухалчлах нь одоо ч маргаан дагуулсан хэвээр. Тиймээс сэрвээний өндрийг хэмжих багаж бий болж, үүнийг дагаад "хэрүүл" дэгдэх болсон.
Морины сэрвээний өндрийн дээд хязгаарыг тогтоогоод есөн жилийн хугацаа өнгөрчээ. Сэрвээний өндөр нь тогтоосон хэмжээг давсан морьдыг эрлийз гэж үзэн уралдаанд оролцуулдаггүй. Энэ ажлынг цэргүүд хийдэг байв. Түүнчлэн нас насны ангилалд тогтоосон хэмжээ нь боломжит хамгийн дээд хэмжээгээр батлагдсан ч гэлцдэг. Уулын мод, урттай богинотой гэдэг шиг уясан хүлэг морьд өндөртэй, намтай байгаа. Ийм байхад хэмжилт гэх хэвшмэл ойлголтод хайрцаглагдаж, хэний хөдөлмөр баллуулж явааг таашгүй.
Сэрвээний өндрийг дараах байдлаар тогтоосон байдаг.
Үүнд,
- Даага 127
- Шүдлэн 132
- Хязаалан 137
- Соёолон болон азарга 140
- Их нас 141 см байхаар заажээ.
Гэвч есөн жил хэрүүлтэй ч болоод л байсан аргыг "лазер шоу" болгох гэж байгаа сурагтай. Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд бүртгүүлсэн морины 60 орчим хувь нь хасагдаж, уяачдын хөдөлмөр үнэгүйдсэн тухай 400 гаруй гомдол Монголын Морин спорт, уяачдын холбоонд ирж байв. Улмаар ММСУХ-оос үндэсний үйлдвэрлэгчдийн дунд морины сэрвээний өндөр хэмжих төхөөрөмж бүтээх тендер зарлаж, шалгарсан бүтээлийг хэрэглээнд нэвтрүүлжээ. Сэрвээний өндөр хэмжих төхөөрөмж нь бүрэн автомат, хүний ажиллагаа шаардахгүйгээр хэмжин нийтэд нээлттэйгээр дэлгэцэнд харуулдаг болсон.
Гэвч энэ ажилд одооноос Хөдөө аж ахуйн яам хөндлөнгөөс оролцож байгаа сурагтай. Эх сурвалжийн мэдээлснээр, тус яамны газрын дарга, өмнө нь ММСУХ-д албан тушаал хашиж байсан эрхэм энэ ажлыг гардаж байгаа аж. Улмаар контейнер маягийн зөөж суурилуулж болдог, нэг тал руугаа задгай саванд морийг хоёр тийш нь займчуулахгүй байхаар урт турбануудыг гагнасан. Яг л мал хээлтүүлэх механик аргачлал шиг хачин санагдаж байгаа байх. Цаашлаад морьдыг хуучин багаж бус лазераар хэмжихээр болоод байгаа гэнэ.
Адуу гэдэг догшин араншингаа гээдэггүй амьтан. Үргэнэ, сэтгэл зүйн хувьд тогтворгүй үедээ хэвийн бус хөдөлгөөн үзүүлнэ. Энэ болгонд биеийн өндөр нь өөр өөр хэмжээст байх боломжтой. Хуучин төхөөрөмжтэй байхад маргаан тасраагүй байтал энэ удаагийн хэрэглэх гэж байгаа арга нь хэтэрхий санагдав. Тэгээд ч яамны ажил атлаа албан ёсны тендергүй хэрэгжиж байгаа нь ашиг сонирхлын зөрчил гэчихмээр.
Эцэст нь хэлэхэд монгол, шинэ монгол адууг ялгах үр дүнтэй аргыг нэн түргэн олохгүй л бол энэ мэтчилэн аргуудын ард авлигын том сүлжээ үүссэн байж болзошгүй гэх хар бий. Хардах эрх бүх хүнд байгаа. Бөхчүүдийн маргаанд манарч байх хойгуур уяачдынхаа хөдөлмөрийг шулуулаад дуусах вий та минь.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)