УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Б.Баасандоржийг УИХ-ын Тамгын газрын ЕНБД-аар томилохыг дэмжсэн билээ. Байнгын хорооны эл санал дүгнэлтийг УИХ-ын чуулганаар авч хэлэлцлээ.
Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн нууц санал хураалтаар УИХ-ын Тамгын газрын ЕНБД Д.Энхбатыг чөлөөлж, түүний оронд Б.Баасандоржийг томиллоо.
Намтар
Барсүрэнгийн Баасандорж нь 1979 онд Улаанбаатар хотод төрсөн, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.
Б.Баасандорж нь 1987-1997 онд нийслэлийн 5 дугаар дунд сургуулийг, 1997-2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2009-2011 онд АНУ-ын Калифорнийн Олон улсын их сургуулийг Бизнесийн удирдлагын мастерын зэрэгтэйгээр тус тус төгссөн.
2001-2002 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, 2002–2006 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Хуулийн хэлтсийн шинжээч, 2006-2008 онд Хууль зүйн байнгын хорооны референт, 2008-2009 онд Хууль зүйн байнгын хорооны зөвлөх, 2011-2013 онд Хууль зүйн байнгын хорооны Ажлын албаны Ахлах зөвлөх, 2013-2015 онд Хууль зүйн яамны Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын дарга, 2015-2018 онд УИХ-ын Тамгын газарт Хууль зүйн байнгын хорооны Ажлын албаны ахлах зөвлөх, 2018-2020 онд Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга, 2020-2022 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2022-2023 онд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга, 2023 оноос одоог хүртэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар ажиллаж буй юм.