Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук-т 2024 оны долоодугаар сарын 9-ний өдөр бараалхлаа.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг онцлоод Бутаны Хаант Улсыг Өмнөд Ази дахь чухал түнш хэмээн үзэж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.
Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд холимог тогтолцоогоор бүрдсэн анхны 126 гишүүнтэй парламентын даргаар сонгогдсонд баяр хүргэж, амжилт хүслээ. Түүнчлэн хоёр улсын улс төрийн харилцааг бэхжүүлж, харилцааны эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа, хэлхээ холбоо чухал ач холбогдолтойг тэмдэглээд энэ чиглэлд талууд идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа онцлов.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан цаашид хоёр улсын парламент хоорондын ажил хэрэгч уулзалт, ойр дотно хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж, парламентын бүхий л түвшний төлөөлөгчдийн харилцан солилцоог идэвхжүүлэх нь уламжлалт харилцааг бэхжүүлэх нэгэн үндэс суурь болно гэдгийг тодотголоо. Айлчлалын хүрээнд хоёр улсын Төрийн тэргүүнүүдийн ярьж тохирсон санал санаачилгуудыг бодит ажил хэрэг болгох чиглэлд Монгол Улсын Их Хурлын зүгээс бүхий л дэмжлэгийг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.
Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук болон түүний гэр бүл Монгол Улсын Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаанд хүндэт зочноор оролцож, монголын өвөрмөц соёлын өв, баялаг түүхтэй танилцаж буйд баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улсад хийж буй анхны төрийн айлчлалд нь амжилт хүсэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (3)