Хамтарсан Засгийн газар байгуулах тухай болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай ярилцлаа.
-Хамтарсан Засгийн газар байгуулагдахаар яригдаж байна, Таны хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Хамтарсан Засгийн газар байгуулагдсан тохиолдолд Засгийн газарт ажиллах сонирхол надад байхгүй. УИХ-ын гишүүнээр сонгогдсны хувьд Баянзүрх дүүргийнхээ иргэдтэйгээ уулзаж, Баярлалаа гэх арга хэмжээгээ хийсэн. Арга хэмжээний үеэр иргэд бол хамтарсан Засгийн газрыг дэмжихгүй гэсэн уур амьсгалтай байна.
Тиймээс Баянгол дүүргийнхээ иргэдийн захиасыг биелүүлж, хамтарсан Засгийн газарт орж ажиллахгүй гэсэн хувийн шийдвэрээ гаргасан. Гэхдээ намынхаа удирдлагуудтай ярьсан зүйл байхгүй.
Засгийн газар яаж ажиллах нь вэ, ялангуяа Уул уурхайн салбарт хэрэгжүүлсэн Биржийн тухай хууль цаашид хэрхэх вэ? Мөн геологийн салбарт агаарын геофизикийн томоохон ажлыг эхлүүлсэн шүү дээ. Тэр бол дэлхий нийтэд үлгэр жишээ болохуйц Австрали, Канадад хэрэгжүүлдэг суурь ажил юм. Дараагийн Эрдэнэтийг олох, Дараагийн Оюутолгойг олох агаарын геофизикийн ажил. Өрөмдөөд байхгүй шүү дээ. Онгоц нисгээд л хаана нь, юу байгааг төр өөрийнхөө мөнгөөр мэдэж авна. Энэ улс орон, ард иргэдэд чухал хэрэгцээтэй дата мэдээллийг авч, хаана нь юу хийлгэхийг өөрсдөө мэднэ гэдэг бол ирээдүйд уул уурхайн салбарт чухал нөлөөтэй зүйл. Төр тодорхой дататай болно гэдэг чухал шүү дээ. Энэ ажлыг үргэлжлүүлэхэд нь тус дэм болж ажиллана гэж бодож байгаа юм.
-Хэрэв МАН дангаараа Засгийн газар байгуулвал ажиллана гэсэн үг үү?
-Нам дангаараа Засгийн газраа байгуулвал орж ажиллана. Биржийн үйл ажиллагаа цаашид маш зөв үргэлжлэх хэрэгтэй учраас та бүхэн надтай хамт хяналт тавьж ажиллаарай. 2025 онд Эрдэнэс Тавантолгой компани нүүрсээ 100 хувь зарах ёстой шүү дээ. Би өөрөө ажиллаж байвал 100 хувьд хүргэх зорилт тавьж байгаа. Одоо бол 60-70 хувьд хүрчихээд байна. Эрдэнэт Үйлдвэр зэсээ зараад эхэлчихсэн.
Энэ бүх зүйлийг ил тод болгох замаас яасан ч буцаж болохгүй.
-Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын тэргүүнийг сонгосон. Тэгэхэд та яагаад байгаагүй вэ?
-Би чөлөө авсан байлаа. Гурван өдөр Баянгол дүүргийн иргэд, сонгогчидтойгоо уулзаад амжаагүй. Иргэд бол хамтарсан Засгийн газарт тааламжтай бус байна. Та бүхэн судалгааг ч харж байгаа байх. Хамтарсан Засгийн газрыг муу ажиллана гэж байгаа юм биш, цаашид сайн ажиллуулахын тулд сайн хяналт байх хэрэгтэй. Зөв хэлж ярих хэрэгтэй.
Биржийн тухай хууль зөв үйлчлэх хэрэгтэй. Ямар нэгэн шалтаг шалтгаанаар эргэж буцах л юм бол хулгай руугаа л явна гэсэн үг.
Сэтгэгдэл (7)