Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг албан тушаалыг Монгол Улс 1912 онд буюу Хятадаас тусгаар тогтнолоо зарласны дараахан бий болгожээ. Тиймдээ ч одоогийн Засгийн газар энэ албан тушаалыг 1912 оноос хойш тасралтгүй үргэлжилж байна гэж үздэг. Тэгвэл өчигдөр буюу долоодугаар сарын 5-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг улираан томилов.
Энэ нь 1992 оноос хойш Ерөнхий сайдыг улираан томилж буй гурав дахь тохиолдол болж байна.
Тус чуулганы хуралдаанд оролцсон 103 гишүүний 102 нь дэмжиж Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилсон юм.
Энэ үеэр тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгч өө!
Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!
Эрхэм Монголчууд аа!
Юуны өмнө ардчилсан Монгол Улсын иргэн танд эрхээ эдэлж, үүргээ биелүүлж, сонгуульдаа идэвхтэй оролцсонд талархал илэрхийлье!
Монголчууд бид ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш 9 дэх удаагийн УИХ-ын энэхүү сонгуулиар нутаг дэвсгэрт суурилсан 76 гишүүнтэй парламентыг түүх болгон жаазлан үлдээж, олон нам, нийгмийн бүлгүүд, салбар салбарын дуу хоолой болсон 126 төлөөлөлтэй цоо шинэ парламентын эрин үеийг эхлүүлж байна.
Сонгуулийн өглөөг 1990 оны ардчилсан өөрчлөлтийн дараах өдрүүдтэй, шинэ өглөөтэй ард түмэн маань зүйрлэн ярилцаж угтлаа.
Энэ удаагийн парламент олон намын төлөөллөөс бүрдэж, анх удаа 32 эмэгтэй гишүүн сонгогдож, нийт гишүүдийн 25 хувь болсноор Ази тивийн дундаж үзүүлэлтүүдээс давлаа.
Мөн хамгийн олон инженерүүд, эрдэмтэн судлаачид, их дээд сургуулийн профессорууд, мэргэжлийн экспертүүд, эмч багш нар, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хилийн чанадад амьдарч буй монголчуудын төлөөлөл, нийгмийн зөвшилцлийн байгууллагууд Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын үйлдвэрчний эвлэл болон дөрөв дэх засаглалын дуу хоолой болсон хэвлэл мэдээллийн салбарынхан, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл ч бүрэн хангагдсан байна.
Энэ парламентад 81 гишүүн шинээр сонгогдсон нь нийт гишүүдийн 64 хувийг бүрдүүлж байна.
Тийм ч учраас энэ бол ард түмний ялалт, шинэ 30 жилийн эхлэл болж чадлаа.
1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаар Монголын ард түмэн картын бараатай ч, ирээдүйдээ итгэлтэй байсан. Ардчилсан хувьсгалын удирдагч Санжаасүрэнгийн Зориг улсын эрх ашиг нэгдүгээрт, улс төрийн намын эрх ашиг хоёрдугаарт. Эцэст нь хувийн эрх ашиг байх ёстой хэмээн эрх ашгийг эрэмбэлж байсан билээ. Харамсалтай нь С.Зоригийн хүсч мөрөөдсөн, манай ахмад зүтгэлтнүүдийн итгэж, тайван замаар төрийн эрхийг шилжүүлсэн Ардчилсан хувьсгалын үзэл санааг бүдгэрүүлж, иргэдийн урмыг хугалж, итгэлийг эвдсэн зүйл бол авлига юм.
Мартагдсан зорилго руугаа буцах, алдагдсан зарчим руугаа эргэх ухаарлыг Ерөнхий сайд А.Амар нар “Шинэ сэргэлтийн бодлого” хэмээн тодорхойлж байсан.
Харин өнөөдөр Монголын ард түмэн ардчилсан хувьсгалыг анхдагч үнэт зүйл дээр нь авчрахыг, авлигын тогтолцоог бүрэн нураахыг хүсч л энэ сонголт хийгдсэн билээ.
Тангараг өргөж, бүрэн эрх бас үүргээ хэрэгжүүлж эхэлсэн, ард түмний төлөөлөл болсон Улсын Их Хурлын эрхэм гишүүд, шинэхэн Улсын Их Хурлын дарга, журмын нөхөр Дашзэгвийн Амарбаясгалан Танд баяр хүргэж, амжилт хүсье" гэв.
Сэтгэгдэл (12)