Ес дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент өнөөдөр анхдугаар чуулганаа хийсэн. МАН-аас нэр дэвшин сонгогдсон Д.Амарбаясгаланг анхдугаар чуулганаар УИХ-ын даргаар сонгосон энэ удаагийн парламент хоёр бүлэгтэйгээр үйл ажиллагаа явуулна.
МАН-ын бүлэг 68, АН-ын бүлэг 42 гишүүнтэй бол парламентад суудалтай ч бүлэг байгуулах босго даваагүй ХҮН нам 8, ИЗНН 4, “Үндэсний эвсэл” 4 суудалтай. Бүлэг байгуулах босго давсан намууд УИХ-д дэд дарга, бүлгийн даргатай байх хуультай.
42 гишүүнтэй АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж бүлгийн даргаа сонголоо. Бүлгийн даргад Н.Алтанхуяг, Х.Баттулга, О.Цогтгэрэл, Д.Ганбат нарын дэвшүүлснээс Х.Баттулга, Д.Ганбат нар нэрээ татсан байна. Бүлгийн даргад нэр дэвшигч Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл нар дээр санал хураагаад О.Цогтгэрэл олонхийн санал авчээ.
Ес дэх удаагийн парламентад АН-ын бүлгийн даргаар сонгогдоод байгаа О.Цогтгэрэл гишүүний хувьд хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.
А.Болд
Сэтгэгдэл (1)