МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар тус намын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр УИХ дахь 68 гишүүнтэй бүлэг байгуулж ажиллахаар шийдвэрлэсэн. УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг нэр дэвшүүлж, гишүүдийн олонх дэмжсэнээр сонгогдсон. Иймд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн тул МАН-ын ЕНБД-ын үүргийн түр орлон гүйцэтгэгчээр Я.Содбаатарыг томилсон. Бүлгийн даргын томилгоог УЗ-ийн хуралдаанаар яриагүй. УИХ-ын даргаас бусад ямар ч томилгооны асуудал яригдаагүй.
Намын дарга, УИХ-ын дарга, Я.Содбаатар дарга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. 126 гишүүнтэй парламент байгуулагдаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг амилуулах, хууль эрх зүйн орчны шинэчлэлийг хийх ажлын хүрээнд бусад нам эвсэлтэй зөвшилцөх, дараагийн шинэ Засгийн газрыг байгуулах, ЗГ-ын мөрийн хөтөлбөр, бүтэц бүрэлдэхүүний асуудлаар парламентад суудалтай нам, эвсэлтэй санал солилцох ажлыг хийнэ. Ажлын хэсэгт мөн чиглэл өгсөн. Бусад намын мөрийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж болохыг нь ЗГ-ын мөрийн хөтөлбөрт тусгаж ажиллах, цаашид хамтарч ажиллах боложийг судлах хүрээнд зөвшилцлийн ажил явагдана.
Үүний дараа Бүлгийн дарга, УИХ-ын дэд дарга, ЗГ-ын бүрэлдэхүүн зэрэг томилгооны асуудлууд яригдана. Наадмаас өмнө Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагааны хөтөлбөрийг хийхээр төлөвлөж байна" гэв.
М.Жаргал