Ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ. Анхдугаар чуулганаар шинэ гишүүд тангаргаа өргөж, УИХ-ын даргаа сонгосон. Энэ удаагийн шинэ парламентын тухайд эмэгтэй гишүүдийнхээ квотыг ахиулж чадсаныг онцлох хэрэгтэй.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу холимог тогтолцоогоор зохион байгуулсан ээлжит сонгуулийн үр дүнд улстөрийн 5 нам, эвслээс нийт 32 эмэгтэй гишүүнээр сонгогдсон.
Өөрөөр хэлбэл, 126 гишүүнтэй шинэ парламентад эмэгтэйчүүдийн квот 25 хувьд хүрсэн гэсэн үг. 2020-2024 оны УИХ-д энэ үзүүлэлт 17.1 хувьтай байсан. 2024 оны 4-р сарын байдлаар Олон Улсын Парламентын Холбооноос (Inter-Parliamentary Union) парламент дахь эмэгтэйчүүдийн оролцооны түвшнээр Монгол Улс 13 эмэгтэй гишүүний тоогоор дэлхийн 190 улсаас 129-р байранд бичигдэж байсан. Тэгвэл шинээр эмхлэн байгуулагдаж буй парламентад нийт 32 эмэгтэй гишүүн тангараг өргөснөөр Монгол Улс 96-99-р байр руу буюу энэ нь 27-30 байраар урагшлах болзлыг хангаж байна. Цаашлаад 2028 оноос энэ хэмжээг 40 хувьд хүргэх том зорилтыг УИХ-ын дарга асан Г.Занданшатар манлайлсан. Тэрээр сонгуулийн дараа хийсэн мэдэгдэлдээ үүний ач холбогдлыг өндрөөр үнэлсэн байдаг. Ямартай ч түүний хийж хэрэгжүүлсэн парламентын шинэчлэлийн нэгэн чухал хэсэг болох жендерийн тэгш байдлыг хангах үйл явц амжилттай өрнөж байна.
Сэтгэгдэл (1)