Шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд үнэмлэхээ гардаж авч, өнөөдөр тангаргаа өргөснөөр энэ удаагийн сонгууль албан ёсоор шувтарч байна. Гэхдээ наадам болтол сонгууль тойрсон яриа тасрахгүй гэдэг нь ойлгомжтой юм. Дэмжсэн нэр дэвшигч нь сонгогдсон, унасан гээд л... Тийм ярианы нэг “эзэн” нь УИХ-ын ээлжит сонгуульд Баянзүрх дүүрэгт АН-аас нэр дэвшсэн Ганболдын Болормаа юм.
“Бор дээлт” Г.Болормааг нэр дэвшүүлээд л орхих биш, нэмээд дэмжих хүч АН-аас даанч дутлаа даа гэх хүн маш олон байна. Тугаа болгосон “Ирээдүйнхээ төлөө өөрчилье” уриа, өнгө төрхөөрөө бусдаас онцгой ялгарч байсан нэр дэвшигч учраас тэр л дээ. Үнэхээр ч Г.Болормаа энэ сонгуулийн хүчтэй өрсөлдөгч, содон өнгө байж чадав.
Ес дэх удаагийн сонгуулиар парламентад суудалтай байсан МАН, АН, ХҮН-аас гадна “Үндэсний эвсэл” 72 мянга, ИЗНН 71 мянган санал авч УИХ-д суудалтай боллоо. “Шинэ эвсэл” 68 мянган санал авсан ч хуульд заасан босго давж чадсангүй. Сонгууль шударга бус болсон талаар ч ярих нам, хүчнүүд гарч ирлээ. Үнэхээр ч аргагүй юм. Мөрийн хөтөлбөр, бодлого ярьж өрсөлдөхөөс илүүтэй мөнгө тарааж уралдсан тойрог маш олон бий. Баянзүрх дүүрэгт ч ялгаагүй сонгууль тийм л болов. Эрх баригч МАН-ынхан мөрийн хөтөлбөр, бодлого бус мөнгөний сонгууль хийж, намын хөлөөрөө л яллаа. Тус тойргоос хамгийн олон санал авсан хүн нь УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн. Мөн айргийн тавд багтсан хүн нь УИХ-ын гишүүн Х.Булгантуяа. Хоёр ч яам ээлжлэн сайд хийсэн тэрээр бодлогын бус мөнгөний сонгууль хийсэн. Харин “Бор дээлт” Г.Болормаа бор зүрхээрээ зүтгэсээр Баянзүрхчүүдээс 45 мянган санал авч чаджээ. Энэ бол түүний тус дүүрэгт хийж байсан ажлыг нь үнэлж, мөн “Ирээдүйнхээ төлөө өөрчилье” гэсэн зорилгыг нь дэмжсэн дэмжлэг байсан юм.
Г.Болормаа бол улс төрд шинэ хүн. Яг л монголчуудын ярьдгаар битүү морь байв. Харин төрд бол шинэ хүн биш ээ. Төрийн албанд 12 жил ажилласан, нийслэлийн агенгтлаг удирдаж байсан манлайлагч. Байгаль орчин, хүүхэд, эмэгтэйчүүдийн хамгааллаар мэргэшсэн хүн. Тиймээс ч нэр дэвшээд явж байхад нь түүнээс “Хүүхэд эмэгтэйчүүдийг төлөө юу хийх вэ?” гэж иргэд сонгогчид асуугаагүй юм.
Харин “Хийсэн ажлаа цааш нь хууль тогтоох байгууллагын түвшинд яаж үргэлжлүүлэх вэ?” гэж л асууж байсан. Харин энэ асуултад бодлогын хариулт өгөх ёстой, хүүхэд эмэгтэйчүүдийн төлөө ажиллах ёстой Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь дуугахгүй, шүгэл үлээхээс хэтрээгүйг улс даяараа харсан билээ.
Зөвхөн энэ жишээнээс харахад, өнгөрсөн найман жил үнэхээр эмгэнэлтэй дүр зурагтай үлджээ. Ямар их зүйл хийж, ямар олон үр дүн гаргах он жилүүд хоосон урсав даа гэмээр. Өнгөрсөн 8 жилд эмэгтэйчүүдийн төлөө дуугарах эмэгтэй УИХ-ын гишүүн байсангүй. Харин шинэ УИХ-д ярьж, хэлж, хөөцөлдөх магадлалтай тод өнгөтэй эмэгтэйчүүдийн төлөөлөл орж ирлээ. Угтаа бол тэдний нэгээр Ганболдын Болормааг байлгахыг Баянзүрх дүүргийг иргэдийн бодит, цэвэр сонголт байсан юм. Харамсалтай нь нөгөө л өнгө мөнгөний сонгуулийг МАН-ынхан хийж чадлаа. Иргэдтэйгээ уулзаагүй, уулзаад хийсэн ажилгүй гишүүд өнгө мөнгөөр дэмжигчдээ худалдаад авсан юм.
Эмэгтэйчүүд Монголын улс төрд хэн нэгнээр дэмжүүлж, түшүүлж орж ирдэг бол “Бор дээлт” Ганболдын Болормаа бор зүрхээрээ сонгуульд оролцож хийх ажил, зорилго, өөрчлөлтөө танилцуулж ХҮН намын саналын тал, “Үндэсний эвсэл”, Иргэний зориг ногоон намын авсан саналын талаас илүү саналыг авч чадлаа. УИХ-д өөрийн хүч хөдөлмөрөөр болон мөнгөөр санал авсан гишүүдийн саналаас тэр илүү олон санал авч чадсныг нь онцлох ёстой. УИХ-ын гишүүн Ч.Ундрам 40 мянга, Соёлын сайд Ч.Номин 42 мянга, ХНХ-ийн сайд Х.Булгантуяа 51 мянган саналыг өнгө мөнгөний сонгууль хийж байж сонгогдлоо. Сонгогчдын бодит санал харин хэд байсан бол гэж бодохоор гомдолтой тоо гарна. Цаашдаа мөнгөтэй аавын хүүхдүүд мөнгөөр зодож зарим сонгогчийн саналыг худалдаж авдаг энэ зүйлийг хаасан хууль гаргахгүй бол төрийн эрхийг нэг талаараа хууль бусаар аваад байгааг монголчууд бүгд харсаар, харамссаар сууж болохгүй.
Баянзүрх дүүргийн 45 мянган сонгогчийн санал авна гэдэг шинхэн улстөрч бүсгүйн хувьд том амжилт. Ганболдын Болормааг улс орны хэмжээнд өөрчлөлт хийхийг иргэд сонгогчид хүлээж байгаа. Хэнд ч танигдаагүй зөвхөн төрийн албанд зүтгэсэн эгэл жирийн эмэгтэйд, төрийн албан хаагчид итгэсэн 45 мянган итгэлийг тэр даасан шиг даана гэдэгт итгэлтэй байна. Тэр энэ жил дөнгөж 40 настай. Түүний хувьд их улс төрд түлхүүр тааруулж эсвэл хэн нэгнээр түлхүүрдүүлж орж ирсэнгүй. Тэр Монголын улс төрийн хаалгаар өөрийнхөө хүчээр орж ирлээ. Түүний монгол хүний төлөө, тэр дундаа хүүхэд эмэгтэйчүүдийн төлөө ирээдүйг өөрчлөх ажил дөнгөж эхэлж байна.
Түүн шиг төрийн албанаас анх удаа хэний ч дэмжлэггүйгээр улс төрд орж ирээд 45 мянган хүний санал авах нь битгий хэл, энэ удаагийн ээлжит сонгуульд 45 мянгаас дээш санал авч УИХ-ын гишүүн болж буй нь гар хөлийн хуруу нийлээд багтах тоо байлаа. Багануур, Багахангай, Налайх дүүрэгт нэр дэвшсэн Ц.Сандаг-Очир ердөө 12 мянган саналаар УИХ-д ороод л ирлээ. Тиймээс ч Баянзүрхийн эмэгтэйчүүд, ээжүүд түүгээр бахархаж, улстөрчдөд мартагдсан эмэгтэйчүүдэд итгэлийн гал алсаасан биз ээ.
Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны иргэн Т.Насанбаяр эгчийн хэлснээр бидний залуугийн загвараар хувцасласан “Бор дээлт” Ганболдын Болормаадаа итгэж байна гэсэн итгэлээ өгсөн ахмад, залуу үеийн төлөөлөл түүнд итгэсэн итгэлээ алдахгүйгээр тээнэ гэдэгт итгэж байна.
“Бор дээлт” Ганболдын Болормаа УИХ-ын дөрвөн гишүүн, хоёр сайд, нийслэлийн иргэдийн төлөөлөгч гээд улсдаа, дүүрэгтээ танигдсан улстөрчидтэй энэ зэрэгцэж төө зайтай биш ямхын зайтай өрсөлдөж ялагдлаа учраас л ийн яригдаж буй биз ээ.