УИХ-ын ээлжит сонгууль болж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саналаа өгч, байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Монгол Улсын ард түмэн 1992 оноос хойш 9 дэх удаагаа парламентын сонгуульд саналаа өгч байна. Энэхүү сонгууль бол хэд хэдэн зүйлээрээ онцлог.
Бид анх удаа 76 гишүүнтэй, нутаг дэвсгэрийн нэгжид тулгуурласан УИХ-ыг түүх болгон жаазлан үлдээж байна.
Ингээд салбар салбарын дуу хоолой бүхий 126 төлөөлөлтэй парламентыг Монгол Улсын түүхэнд анх удаа хамтдаа энэ сонгуулиар бүрдүүлнэ. Энэ ч агуулгаараа сонгуулийн ирц өмнөх сонгуулиудтай харьцуулахад өндөр байна уу гэж хэлж байна. Учир нь хилийн чанадад байгаа монголчуудын төлөөлөл ч жагсаалтаар нэр дэвшиж орж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн маань төлөөлөл тэр бүр тойргоос сонгогдож чадахгүй 34 жил явсан. Өнөөдөр бол тэдний төлөөлөл парламентад орж ирэх боломж бүрдэж байна. Мөн шинжлэх ухаан, хувийн хэвшлийн төлөөлөлүүд ч жагсаалтаар нэр дэвшин орж ирж байна.
Үлдэж байгаа цаг хугацаанд саналаа өгөхийг иргэддээ урьж байна. Сонгуулийн ирц өндөр байх тусам төлөөллийн хүлээн зөвшөөрөгдөх байдалдээшилж, ардчиллын индекс өсөж байдаг учиртай. Тиймд бүгдээрээ ардчилсан сонгуульдаа идэвхтэй оролцоорой.
Мөн 21 аймаг, салбар бүрийн 30 гаруй уулзалт хийсэн. Энэ 30 жилийг бүгд дүгнэж байна. Хувийн эрх ашгийн төлөө намыг ашигладаг болсон. Нам дамнасан бүлэглэл үүсэж, стратегийн ордуудыг нь стратегийн орд биш гэж авсан, төрийн мөнгөөр хувьдаа Эрдэнэтийн 49 хувийг авахаас эхлүүлээд байж боломгүй зүйлс болсон. Д.Сүхбаатарын талбайгаа дундуур нь хувааж худалдсан. С.Зоригийн хөшөөг ч худалдсан. Ногоон байгууламжууд үгүй болсон. Гэтэл аль ч ардчилсан нийгэмд нийтийн эзэмшил рүү халдаж байсан тохиолдол байхгүй. Хэм хэмжээ асар зөрчигдсөн. Тиймээс энэ удаагийн сонгууль 30 жилийн дүгнэлт байгаасай.
Мөн төр иргэн хоёрын итгэл найдвар, хамтын ажиллагааны шинэ хуудас, урам зоригийн сэргэлт байгаасай. Хамтдаа хотоо хөгжүүлэх, бүсчилсэн хөгжлөөр явах, ногоон байгууламжуудаа сэргээх, шинжлэх ухааныг дээдэлдэг, улс төрчдийн тодорхойлдог биш ард түмний дуу хоолой болсон парламент байгаасай.
Парламент ард түмэнжээсэй билээ гэж хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Өнөөдөр цоо шинэ 30 жил эхэлж байна. Төлөөллийн парламент хэрхэн ажиллахыг, улс төрийн намууд хэрхэн бодлогын мэтгэлцээнд тулгуурлахыг бүгдээрээ хамтдаа харъя" гэв.
М.Жаргал