Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх саналаа өглөө. Тэрбээр гарч ирээд хэлсэн үгэндээ,
"Юуны өмнө ард иргэддээ 1992 оноос эхлэлтэй УИХ-ын сонгууль ес дэх удаагаа болж байгаа энэ өдрийг мэндийг хүргэе. Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож энэ цаг үед УИХ-ын ээлжит сонгууль болж байгаа нь онцлууштай.
Одоогоос 100 жилийн өмнө манай ард түмэн хамжлагат ёсыг халж, бүгд найрамдах засаглалыг тогтоож, үндэсний ардчилсан үзэл санааг дэлгэрүүлж, хүйсийн тэгш эрхийг хангаж, сонгох сонгогдох эрх, эрх чөлөөг олгож байсан түүхтэй.
Энэ удаагийн УИХ-ын сонгууль хэд хэдэн зүйлээрээ онцлог. Хуучин бид 76 гишүүн сонгодог байсан бол энэ жил 126 гишүүн сонгох гэж байна. Тэдний 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг намын жагсаалтаар сонгоно. Үүний тулд холимог тогтолцоог хэрэгжүүлж байгаа.
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу бүсээс нэр дэвших боломжийг бүрдүүлсэн нь Монгол улсын цаашдын хөгжил дэвшилд ихээхэн хувь нэмэртэй гэдгийг онцолмоор байна. Мөн 1992 оноос хойш анх удаа хамгийн олон нам, эвсэл, бие даагчид оролцсоноороо түүх болон үлдэж байна. Нийтдээ 1341 хүн нэр дэвшсэн байна. Тэдгээрийн хамгийн залуу нь 25 настай, хамгийн ахмад нь 79 настай байгаа. Мөн нийт нэр дэвшигчдийн 40 орчим хувь нь эмэгтэйчүүд байгаа нь сайхан үзүүлэлт болж байна.
УИХ-аа шинэчлэн байгуулах, төр улсаа төвхнүүлэх их үйл хэрэгт хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. Тийм учраас Монголын ард түмэн бүгдээрээ саналаа өгөх хэрэгтэй. Энэ бол Монгол улсын иргэн танд Үндсэн хуулиар олгогдсон эрх, үүрэг юм шүү.
Төрийн эрх мэдэл ард түмний гарт байдаг гэдэг. Та бүхэн сонгуульдаа идэвхтэй оролцоорой" гэв.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)