УИХ-ын ээлжит сонгууль болоход ганцхан хоног үлдээд байна. Ирэх дөрвөн жилд парламентад 126 гишүүн ард түмнийг төлөөлж, үг хэлж, хууль санаачлан батлуулж, Монгол Улсын ирээдүйг зураглана. Энэ 1400 нэр дэвшигчийн дотор гишүүний бүрэн эрхийн төлөө улайрах нэг хэсэг байхад иргэдийн төлөө хийж бүтээх эрмүүн хүсэлтэй нь ч буй.
Сонгуулийн дараах үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй, асар их мөнгө зарцуулсан горилогчид иргэдийг үймээнд турхирч, эмзэг цэгийг хатгахыг ч үгүйсгэхгүй. Гэлээ ч хэрсүү сонгогчид хэнд саналаа өгсөнөө мэднэ. Хэн нь хэн бэ гэдгийг ч алган дээрээ тавьсан мэт нэвт шувт харж байгаа.
Ардчилал, эрх чөлөөний салхи бүгдийн зүрхэнд бий. Харин бусдын үзэл бодол, санал өгсөн итгэл үнэмшилд халдах нь ардчиллын мөн чанар бус гэдгийг нэгэнт цөмөөр ухаарсан. Маргааш бол улс орныхоо ирээдүйд зовнин буй хүн зоны хийж чадах сонголт.
Танаар Монгол Улс дутахгүй биш "хамгийн их дутна". Иргэний үүргээ ухамсарлаж, сонгуульд саналаа өгөхөөр дээлээ өмсөөд гардаг иргэн танаар энэ улсын ирээдүй дутна. Иймд сонгуульд идэвхтэй оролцож, төр түших төлөөллөө итгэл үзүүлэн сонгох цаг.
М.Жаргал