Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг тус улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Узбекистаны “Куксарой” ордны өмнө албан ёсоор угтан авлаа.
Ордны өмнөх талбайд хоёр улсын төрийн далбааг мандуулж, Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн Хүндэт харуул жагссан байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев хүндэт индэрт урьсны дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв.
Хүндэт харуулын дарга угтан мэндчилсний дараа Төрийн тэргүүн нар хоёр талын албан ёсны төлөөлөгчидтэй мэндчиллээ.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев, гэргий З.Мирзиёева нар дурсгалын гэрэл зураг авахууллаа.
Угтах ёслолын дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхийлөгч Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцоно.
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн ордон “Куксарой” буюу “Хөх ордон”-г тус улсын анхны Ерөнхийлөгч И.Каримов-ын санаачилгаар 1990 онд барьсан.
Энэ ордонд Ерөнхийлөгч Ш.Мирзиёев өдөр тутмын ажлаа эрхлэн явуулдаг бөгөөд гадаадын төрийн тэргүүн, хүндэт зочдыг хүлээн авч, ёслолын хүлээн авалт зохион байгуулдаг уламжлалтай юм.
Сэтгэгдэл (2)