Монголын жүдо бөхийн тамирчид дэлхийн дэвжээнд цахиур хагалж, монголчууд магнайгаа хагартал баярлаж, алгаа хөлөртөл догдолж суух мөч хүртэл Х.Баттулга гавьяатан байв. Тэр улс төрийн замаа ийн бөхөөр засаж, бөхөд хайртай ард түмнээр өргүүлж, түшүүлсээр хамгийн өндөрт гарч чадсан. Түүний хөлстэй өмсгөлийг нь тайлж, шинэхэн хослол авч өгч, хэнээс ч дутаахгүй "өсгөсөн" юм, энэ улсын иргэд. Гэхдээ...
Х.Баттулга болон ард түмний зам тэртээ 2004 онд "салсан". Түүнээс эрт салж болох байсан ч төрд орж, бүрэн эрх эдлэхэд олны дэмжлэг хэрэгтэй байсан нь гарцаагүй. Одоо ч гэсэн холбож буй ганц гүүр нь "жүдо", цаг хугацааны туршид энэ спорт л түүнд хир халдаагаагүй. Тиймдээ ч суудлаа орхиж чаддаггүй биз.
Өнөөдөр бол Х.Баттулга "үзэн яддаг хулгайчдын тань нэг" байж болзошгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үүнийг би биш АТГ-аас зарласан юм. Нүүрсний хулгайн гэмт хэрэгт холбоотой 17 хүнийг сүржин зарлаж байсан ч одоог хүртэл хариуцлага хүлээлгэсэн эрх мэдэлтэн, хөрөнгөтнүүд алга. Ганц, нэгээр нь туг тахиад "загасны ой санамж"-ийг ажиллуулах гэж байна.
Мафийн толгойлогчийн компанийн "нэр"-ээр дүр болон улс төрийн имиджээ бүрдүүлж ирсэн түүний замнал 17 чингэлэг спиртийг ус болгон хувиргасан, “Баянгол” зочид буудлыг хууль бусаар хувьчилж авсан тухай домог мэт яриатай холбогдоно. Ингээд цааш ярьвал хуучны хэргүүд нь ч өндийн босож ирэх нь дамжиггүй. Хэвлэлээр ч залхтал нь бичсэн байдаг. Гэтэл хуулийн дээр Женко сууж байлаа. Мянган солигдохын алдад "өнгөтэй өөдтэй" бүхнийг тэр хувьчилж авсан гэдэгтэй эвлэрэх цаг нь болсон.
Аливаа бэл хөрөнгө хэтэрхий их бол гэмт хэргээс эх сурвалжтай- О.Бальзак
Одоо цаг, 2024 он. Ард түмэн түүнд үгийн сүүдэр ч хүргэхгүй хайрласаар 2017 онд "Төрийн тэргүүн" болгосон. Гэтэл тэр дахин парламентын хаяа хатавчаар гүйх боллоо. Төрөөс явж чадахгүй байх ямар шалтгаан байна вэ? Эргэж хоргодох эцсийн үнэн нь юу вэ?
Х.Баттулга яаж монголын хөгжлийг хойш татаж, ОХУ-ын дагавар хүүхэд шиг хандаж байсныг эргэн санацгаая. Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн 270 км төмөр зам барих тухай 2011 онд яригдаж, Зам тээврийн сайдаар ажиллаж байсан Х.Баттулга нь нэвтрүүлэгт орж, төмөр замын нарийн царигаар Хятадын танк орж ирээд монголын баялаг урсана гэж бараг л сүрдүүлээд, хамаг ажилд тээг болсон. Бид эцэст нь "танкны үлгэр", "өр" хоёртой л үлдсэн. Гэвч цөстэй хүмүүс Женкогоо төрд гаргасаар байв. Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх асуудал, эдийн засгийн хараат бус байдал, төмөр замын ажлыг хөдөлгөх гэсэн хүмүүсийг "бууны нохой" гэж хочилж байлаа. Тэр цагаас даруй хэдэн жил өнгөрсөн бэ? Жинхэнэ бууны нохой нь хэн байсан бэ, энэ 10 гаруй жилийн хугацаанд юу өрнөснийг санууштай.
Монгол Улсын тусгаар тогтнол, хараат бус орон болох тэмүүллийг үргэлж боож ирсэн түүний замнал "хужаа, эрлийз" гэх ард түмний хонзогнол дээрх тоглолт байсныг санах хэрэгтэй.
Тэрбээр 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд "нэр дэвшихгүй" гэж байсан ч өөрийн хүмүүсээ дагуулан тойрогт дэвшсэн. АН-аас нэр дэвшигчдийн дотор түүний фракцын хүн олон. Х.Баттулга парламент дахь хүчээ зузаатгаж, ирэх хариуцлагаас бултан бүгэх үүрээ засаж байгаа ч гэх. Чухамдаа, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарыг "цусны шинжилгээ өгье" гэтэл нь туйлдуулсан тэрбээр "хувийн хонзон" байхгүй л гэж байв. Ер нь мухар төмөр зам үлдээж, овоолсон шороо өвлүүлсэн Х.Баттулгад дахин төрд суух байтугай фракцынхаа хүмүүсийг чихэж оруулах эрх бий юу?
Түүний хөлстэй өмсгөлийг нь тайлж, шинэхэн хослол авч өгч, хэнээс ч дутаахгүй "өсгөсөн" юм, энэ улсын иргэд. Гэхдээ... Иргэдийн шинэ хувцас өмсөх боломжийг хулгайлж, хөлстэй хувцастай өчнөөн жил явуулж, урагдаж нооройтол нь "улныхан" гэгдэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм, Х.Баттулга. Түүний авсан зээл "буяны байгууллагын хандив" шиг эргэн төлөгддөггүй аж.
Одоо киноноосоо сэрье.
М.Жаргал
Сэтгэгдэл (10)