УИХ-ын ээлжит сонгуулийн өдөр болоход 10 гаруй хоног л үлдээд байна. Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлэгийг АТГ-аас ил боллоо. Барилгын компанийн "босс" гэр оронгүй, газрын сүйхээтэн газаргүй, зарим нь тэргүүн баян, зарим нь ядуугийн зовлон болж хувирав. Тэгвэл МАН-аас нэр дэвшигч Ч.Номин 50 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгөтэйгөөрөө "намынхаа хамгийн, хамгийн" болж байна. Харин Д.Өнөрболор 18 тэрбумын хөрөнгөтэй тул удааллаа. Цаашилбал 3 тэрбумын хөрөнгөтэй П.Анужинг ч дурдаж болно.
МАН-ын тэргүүн хатагтай "кран" гэгддэг Ч.Номин хууль тогтоох уу?
Соёлын сайд Ч.Номин бол Ерөнхий сайдын танхимд тооноор орж ирсэн хүн. Тангараг өргөхөөсөө эхлээд л төрийн ажил хийж үзээгүй нь илт байв. Тэгээд туршилтын туулай болгож, түүнд "Соёлын яам"-ыг найр тавьсан юм шүү дээ. Тавьтаргүйтэж, халаасандаа гараа чихчихээд, хэгжүүрхэж зогссон дүр зураг нь өдгөө бол өчигдөрхөн мэт л тод санагдаж байна.
Хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь манайх гэгчийн үлгэрээр Ч.Номин энэ жилүүдэд ёстой л дураараа дургилаа. Монголын үндэсний музейд хууль бус томилгоо хийж, "яаж крандуулдаг болохыг яруу тодоор крандаж үзүүлсэн" талаар тус музейн нэр бүхий ажилтнууд хэвлэлийн хурал зарлан мэдэгж байсан нь дөнгөж саяхан. Аялал жуулчлал хөгжүүлэх гэж гадаадаас хүн урихад "Ардын анд" Ч.Ганхуягийнх нь компанийн логотой улаан шүхэр "хийсэж явсан".
Соёлын сайдын суудалд суугаад "Монгол" телевиздээ л мөнгө хийсэн гэх яриа чих дэлсээд л байдаг. Сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байхад УИХ-ын гишүүн аятай сэтгүүл тарааж, нээгдээд удаагүй Хүүхэд залуучуудын театрт хүүхдүүдийг үнэгүй жүжиг үзүүлж, жүжиг тарахад нь сэтгүүл тарааж, хуулийг басамжилсан гэх. Энэ талаар ЦЕГ-аас шалгаж байгаа гэх мэдээллийг өгсөн ч одоогоор сураггүй байна.
Ер нь Л.Чинбатынхан хуулиас "гадуур" оршдог. "Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын малчныг машинаараа элдэж, дайрч унагаж буй бичлэг өнгөрсөн оны зургаадугаар сарын 15-ны өдөр цахим сүлжээнд цацагдсан. Ийнхүү мөрөөр нь хуулийн байгууллагынхан орсон ч алга болчихсон. Эл хэрэг зоогийн ширээний ард замхарч, хийсэн үйлдлээ "Ард"-ын Ч.Ганхуягтай тохуурхан ярьж, гэлмэггүй инээж суусан дүрс бичлэг бас олны дургүйцлийг төрүүлж байлаа. Одоо ийм хэргээс ул мөр алга. Хуулийг тохуурхаж, басамжилж, хуулийг зөрчдөг бол хууль тогтоох дээд байгууллага буюу УИХ-д суух эрхтэй гэж үү?
Л.Чинбат Ерөнхий сайдад эрхэлж, тариалангийн хашаагаа төрөөр торлуулна гэж "мөрөөдөж" явсан. Харин эцгийнх нь төрөөр гүйцэлдүүлж чадаагүй "бэртэгчин" ч юм шиг хүслийг охин нь гүйцээх болов уу яах бол. Монголын тэргүүн баячууд төрд гарч, хуулиар тоглох нь. Сонгинохайрханд нэр дэвшиж байгаа нь бас л цаагуураа лут агуулгатай.
Хувийн бизнесээрээ "төрийг сүрдүүлэх" аястай Д.Өнөрболор парламентад хэрэгтэй юу?
УИХ-ын гишүүдийг овгоор нь гэхээс илүүтэй "эрхэлдэг" бизнес, "баздаг" салбараар нь таньж мэдэх нь олонтаа. Энэ жагсаалт "Монгол телевиз"-ийн Ч.Номин, "Сөүл"-ийн Д.Өнөрболор гэх мэтчилэн цааш хөвөрнө.
Хөлдүү буузаар иргэдийг "тархидаж", хөдөөгийн зураглалаар уянгалж, салхинд "цохиулсан" Д.Өнөрболор гишүүний хамаарал бүхий "Сөүл ХХК" хүүхдийн парк дотор нийтийн хоолны бизнесийн үйл ажиллагаа явуулдаг. Харин Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тохижилттой холбоотойгоор “Сөүл” рестораны 50 автомашины зогсоолыг чөлөөлөх асуудал яригдаж буй. Одоо гэхдээ нам жим.
Хотын дарга Х.Нямбаатар бол түүнийг "эмэгтэй хүн" гээд зөөлөн хандаж, хэлээ хазаж яваа юм билээ. Атал нөгөө тал нь "шатаж" байна. БНСУ-ын Засгийн газарт хүртэл заргаа хүргэж байгаа тухай, тэндхийн хэвлэлээр цацахад бэлэн болчихсон байгаа тухайгаа компанийн удирдлага дурдаж байх жишээтэй. Үүнээс гадна Төвийн бүсэд залуучуудаар цус сэлгэх төлөвлөгөөнд хар сүүдэр туссан нь Д.Өнөрболор гэгдэж байв.
Ингэж л монголын тэрбумтанууд төрд эрхэлж байна. Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэгчийн нэрээр жендерийн эрх тэгш байдал гэсэн нэрийн дор эмэгтэй улстөрчдийг хамгаалах шаардлагагүй. Улс төр, ажил, амьдрал хүнийг эр эмээр нь ялгахгүй.
Тойргоосоо зугтсан П.Анужинд найдвар бий болов уу?
2020 оны сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшин парламентад орж байсан П.Анужин энэ удаад Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг нэр дэвшиж байгаа.
Тойргоосоо зугтаж, хөдөө гарсан тэрбээр дээлний өнгийг хүртэл хуульчлах гэж үзэж байлаа шүү дээ. Хийх зүйл нь олдохгүй байсан ч юм уу, тэнгэр ч мэдэхгүй байх.
Цаашилбал, УИХ-ын гишүүн П.Анужинг 2021 онд өөрийн төрсөн эцэг болох УИХ-ын гишүүн асан Р.Будын хүүтэй хамтарч, нийтийн эзэмшлийн газрыг албан тушаал, эрх мэдлээ ашиглан, хүч түрэн булаан авч эзэмшсэн асуудлаар АТГ-аас шалгаж байсан гэдэг.
П.Анужингийн нэр холбогдсон хувьсгалын бус хувийн асуудал их. Түүнээсээ болж хөдөө орон нутагт дэвшихээр Ч.Номинтой тойргоо сольсон байж болохыг юу эс гэхэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (5)