УИХ-ын ээлжит сонгуулийн 1-р тойрог буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт Ардчилсан намаас С.Ганбаатар, А.Адъяасүрэн хоёр баринтиг шиг "шар" дээлээр хослон дөрөө харшуулж яваа. Тэд парламентын танхимд хамт суусан 2020 оноос эхлэн шоглуулан шоолуулан явсаар өнөөдрийг хүрсэн. Бараг л нэгэндээ "элгэмсмээр цаг хугацаа" өнгөрч. Гэхдээ С.Ганбаатар явж, явж 2021 онд л Ардчилсан намыг сонгож Х.Баттулгатай "хөтлөлцсөн". Тэд хоёулаа "Женкогийн хүүхдүүд".
Гэхдээ С.Ганбаатар Өвөрхангайн иргэдтэй уулзах үеэрээ "Гаалийг алгасаж, сая сая тонн нүүрс гаргаж хулгай хийнэ гэдэг зохион байгуулалттай гэмт хэрэг гэсэн үг. Аймшигтай. Нүүрсчидтэй тэмцэнэ, ирээдүй хойч минь биднийг уучлахгүй гэдгээс айж байна" гэх утга бүхий зүйлсийг ярив. Тэр тэрэг тэргээр нь хайрга шиг зөөсөн нүүрсний эздийн нэгийг А.Адъяасүрэн гэгддэг. Нэг ёсондоо С.Ганбаатар тайзан дээр, иргэдийн өмнө А.Адъяасүрэнг улалзуулж, цовдолж буй хэрэг л дээ.
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн нэр 2022 оны хавраас эхлээд жил тойрон "нүүрсний хэрэг"-т яригдсан. Ардчилсан намаас парламентад хоёрхон эмэгтэй гишүүн байсны нэг нь "тэр" байлаа. Гэвчиг хулгайн хэрэгт алдар нэр нь мөнхийн цуурайтсаар буй нь мөн л А.Адъяасүрэн байв.
Нүүрсний сонсголын үеэр улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй 5.2 сая тонн нүүрс гаргасан компаниуд дунд түүний хамаарал бүхий 7 компанийн нэр дурдагдсан. Гэвч гишүүн бээр мэлзэн бултаж, "Энхийн цагаан тагтаа"-ны үлгэр ярьж эхэлсэн нь бизнесээрээ олон хүнийг "тэжээсэн" гэх үгээс эхлэлтэй.
Чухамдаа С.Ганбаатар тойргийнхоо уулзалт бүр дээр "нүүрс" ярьж, А.Адъяасүрэнг "улалзуулаад", улаан нүүрэн дундуур нь "дэлсээд" байх хэрэгтэй. Тэгж гэмээн тэмцэгч, тэгж гэмээн "босоо" хэвээрээ үлдэнэ. Худал хуурмагийг үл тэвчих "номын мөр"-ийг дагууштай С.Ганбаатар аа.
М.Жаргал
Сэтгэгдэл (39)