УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээд байна. Сонгуулийн гол өрсөлдөөн МАН болон АН-ын хооронд өрнөхөөр байгаа. Гэхдээ Ардчилсан намаас нэр дэвшигчдийн дийлэнх нь нийгэмд нэр хүндгүй, зарим нь огтхон ч туршлагагүй залуу улстөрчид байна. Тэгвэл сонгуулийн 4-р тойрог буюу 8 мандаттай Булган, Орхон, Хөвсгөл аймагт Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан тэргүүтэй нэр дэвшигчид буй. Гэхдээ тойрог хэсэж, тонших будаа горьдсон амташсан хэрээнүүдийг ард түмэн танихтайгаа болсон биз ээ.
Монгол Улсын "хараат бус" байдал Х.Баттулгад таалагдахгүй байна уу?
Төрийн тэргүүний суудалд хүртэл заларч асан Х.Баттулга улс төрөөс гарч чадахгүй дахин, дахин хатавчаар шагалзаж байгаа нь анхаарал татаж байна. Хууль тогтоох дээд байгууллагад суух гэсэн түүний хүслийн цаана ямар эрх ашиг байна вэ.
Тэрбээр хойд бүс дэх сурталчилгааны үеэрээ ОХУ-ын дайн дажин, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн тухай ярьж, аль талд нь орохоо шийдэх түүхэн сонгууль гэж "элийрч" явна. Монгол Улс, монголын ард түмэн, монголын ардчилал Х.Баттулгад аль нэг улсад "дагаар орох" хэмжээний үнэ цэнэгүй, дорой мөлхөө санагдаж байгаа аж.
Эдийн засаг, эрчим хүч, гадаад харилцаа гэх мэт салбар бүрд "хараат бус" байдлаа тунхаглах гэж мэрийж буй энэ улсын ирээдүйг хөрш улсын "халаас"-нд найр тавьж өгөх ядмагхан мөрөөдлөөр түүний зүрх сэтгэл дүүрчээ. УИХ-ын гишүүнээс бусдаар төрийн өндөр дээд албан тушаалтны суудал бүрийг элээсэн түүнд хуулийн дээр сандайлах "бүрэн эрх" хэрэгтэй байгаа бололтой. Монгол бол хөгжиж буй орон. Атал "угжны улс" болгох цаад санаагаа ам халаад ч гэх үү, тэр алдаж орхилоо. Ийм "өргөмөл" сэтгэлээр төр жолоодно гэж юу байх билээ. Бид бол тусгаар тогтносон улсын иргэд. Дахин дарангуйллын хормойноос нь зүүгдэхгүй.
Олон арван их наядаар яригдах нүүрсний хулгайн сонсголд Х.Баттулгыг дуудсан ч ирээгүй. Түүнд ирэхгүй байх шалтаг байсан, тухайн сонсголоор схемийг зурах шиг л болсон. Басхүү тэргүүн 17 хулгайчийн нэгээр цоллогдож, АТГ-аар зарлуулж явлаа. Түүнийг оросын гар хөл гэх нь бий. Өнгөн дээр ардчилал ярьж, ард түмнийг огшоодог "улаан коммунист" гэх нь ч бий.
Х.Баттулга "арми"-аа бүрдүүлэхийн тулд Б.Ариун-Эрдэнийн "уяаг суллав"
Ерөнхийлөгч асан Х.Баттулгын "халаасны хүн" Б.Ариун-Эрдэнэ энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж байна. Бөхийн зодог шуудгаа шувтран хаяж, Булган аймгийн Засаг дарга болтлоо уяагаа суллуулсан түүнийг парламентад аваачиж, одоо л гар хөлийнхөө үзүүрт зарах нь.
Б.Ариун-Эрдэнийг "үндэслэлгүй хөрөнгөжсөн нь тогтоогдсон" тул үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсон тухай мэдээлэл жил гаруйн өмнө л цацагдаж байлаа. Гэхдээ хөрөнгө орлогын мэдүүлгээ зөрүүтэй мэдүүлсэн хэмээгдэж, сахилгын шийтгэл буюу гурван сарын цалингаа 30 хувьдуулж байсан тэрбээр төрийн тооноор "том ах"-ынхаа хүчээр орж мэдэхээр байна.
Тухайн үед ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Б.Ариун-Эрдэнийг удаа дараа ОХУ-д зочилж, Засгийн газрын “Нэг цонх”-ны бодлогыг зөрчсөн байж болзошгүй хэмээн онцолж байлаа шүү дээ.
Х.Баттулгын өмнөөс улс төрд "жороолох" учир шалтгаан түүнд бий. Дөрвөн жил дөнгүүр байсан бол Б.Ариун-Эрдэнэ парламентад сонгогдож, эзнийхээ магнайг тэнийлгэж мэднэ. 6 орчим тэрбумаар үнэлэгдэх хөрөнгөтний уяаг суллаж, чангалж байгаа зорилго юун дээр огтлолцохыг та бүхэн тунгаагаад үзвэл ямар вэ. МАН-ын ялалтын найман жилд гэдэс цатгалан, ажил орлоготой амьдрах боломжийг нь "том ах" нь хангаж байсан ч гэгддэг. "Шүүр" ажиллагаа" хүртэл шүүрдэж чадаагүй "далдын хүч" нь ердөө л Х.Баттулга.
Монгол төр "урваач, шарваачдын сүүлчийн орогнох газар" болов уу?
Улс төрд улааныг үзэж урваж, шарыг үзэж шарвасан "солгой" намтартай хүн бол Ж.Батзандан юм. МАН-ын "шударга 5"-ын нэг болж талбай гороолж, эрх мэдлийн өндөрлөгийг хараачилсан ч "андууддаа хаягдаж", сүүлд гоморхож, хэсүүлээ эхлүүлсэн нэгэн.
УИХ-ын 2020 оны сонгуулиар Ардчилсан намыг парламентад эрчээ алдахад гол үүргийг гүйцэтгэсэн гэгддэг басхүү "МАНАН"-тай тэмцэнэ гэж өрх тусгаарлаж, ШИНЭ намыг Л.Болдтой хамтран байгуулж, өнөөх улс төрийн хүчнийхээ дарга нь болсон. Гэвч гавьсангүй. ШИНЭ намаасаа зуларч одсон.
Ж.Батзандангийн цаана АН байхгүй, "авлагатай" юм шиг улс төрөөс салж өгдөггүй "хувалзнууд"-ын цаана "ашиг сонирхол" л байдаг.
Түүнийг Капиталын дампууруулсан гол хүмүүсийн гэх нь бий. Ах Ж.Бат-Эрдэнийгээ хэргээс мултлах гэж тавын нэг рүү захиа занаа зөөсөн ч өнөөх нь татгалзсан гэж тэр үед хэвлэлээр бичиж байлаа. Ж.Батзанданг туслах Г.Аюулгүйгээр дамжуулан Хөгжлийн банкны зээлдэгч Капитал банкнаас 12.6 тэрбум төгрөгийг зээлж авсан хэрэгт буруутган Чингэлтэй дүүргийн шүүхээс 30 хоног хорих шийдвэр гаргаж, хорьсон. Гэвч саяхан гэм буруугүй хэмээн суллагдсан юм.
Угаас МАНАН-д нэвт ууссан хүнд шоронд суух боломж байхгүй. Өөрийнхөө оноогдсон дүрийг эзгүй орхиж болохгүй. Зүгээр л жүжгийн ганц үзэгдэл болсон төдий. Нам дамжиж намирсан "улс төрийн хэсүүлч", "хулгайч" цолтны сүүлчийн орогнох газар Монголын төр болов.
Ийнхүү хойд бүсээс парламентад суух эрх өвөртлөхөөр үзэл санаанаасаа хөндлөн гулд алхаж, үгийн зөрүүгүй сайн хүний дүрээр гарыг тань элгэмсэн атгаж буй этгээдүүдийн баг хуулрах цаг нь дөрвөн жилийн харамсал бүү болоосой.
М.Жаргал
Сэтгэгдэл (18)